Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2 цаг 19 минут

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалсан юм.

Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр  өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Учрал холбогдох танилцуулгыг хийв.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу төлөвлөлтийн тус баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээнд тулгуурлан, зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсруулалтыг хийжээ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойлсон байна.

Эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам болсон хэмээн төсөл санаачлагч үзсэн аж.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлж тусгасан байна. Тухайлбал, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх; хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх; эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр тусгажээ. Мөн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар; анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэхээр тус тус тооцсон байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох; бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болох боломжтой хэмээн үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ хэмээн тооцсон байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан болохыг Н.Учрал сайд танилцууллаа.

“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 10.3 их наяд төгрөгийг, 2027 онд 14.4 их наяд төгрөгийг, 2028 онд 14.9 их наяд төгрөгийг, 2029 онд 9.1 их наяд төгрөгийг, 2030 онд 6.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу 3 төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу 2 төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу 3 төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу 1 төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нийт 14 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Шинжлэх ухааны академийн Бага болон Их чуулганаар хэлэлцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулахад онцгой ач холбогдолтой болсон хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд онцолсон.

Олон нийтийн хэлэлцүүлэгт шүүх засаглалын байгууллага, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, нийт 644 санал гаргасан байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Соронзонболд, М.Энхцэцэг, П.Батчимэг, Г.Очирбат, Ж.Золжаргал, М.Мандхай нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Учрал, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг хэдэн хувийг, хэр хугацаанд хэрхэн хувьчлах талаарх асуултад  “Цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах ажлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулна. Төслийн 3 дугаар хавсралтын 7.3.5 дээр компанийн засаглалын үнэлгээний дунджийг тооцдог болох зорилтыг дэвшүүлээд, ирэх таван жилд тооцсон түвшнээс 3 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан” хэмээн Н.Учрал сайд хариулсан бол С.Бямбацогт сайд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ төрийн өмчийн 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 60 мянга орчим ажилтан ажиллаж байна. Орон нутгийн өмчит 350 компанид  20-иод мянган ажилтан ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд нийтдээ 58 орчим их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 2024 оны жилийн эцсийн байдлаар 25-26 их наяд орчим төгрөгийн орлого олсны 5.8 их наяд төгрөг нь цэвэр ашиг байсан. Үүнийг 2023 онтой харьцуулахад орлого 10 хувиар, цэвэр ашгийн хэмжээ 15 хувиар нэмэгдсэн” гэж үндсэн мэдээлэл танилцуулсан. Улсын Их Хуралд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгааг тэрбээр урдаад батлагдсан тохиолдолд нийцүүлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчилнө гэв. Үүний зэрэгцээ 2026-2028 онд өмч хувьчлах үндсэн чиглэлийг энэ чуулганы хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа ба  холбогдох шийдвэрт тулгуурлаж төрийн өмчит компаниудын алийг, хэрхэн хувьчлах асуудлыг шийдвэрлэх аж. Үүнээс өмнө төрийн өмчит компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх, цомхон болгож, үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгааг С.Бямбацогт сайд хэлсэн.

“Уул, уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах замаар салбарыг хөгжүүлнэ” гэсний хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар, ашиглагдаж байгаа ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон ордуудыг эргэлтэд оруулах чиглэлээрх арга хэмжээний талаар гишүүд тодруулсан. Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцоог шуурхай, оновчтой болгох, хариуцлагын механизмыг тодорхой болгосон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулснаа Засгийн газрын маргаашийн хуралдаанд танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж байгаа хэмээн Н.Учрал сайд хариултдаа тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн гишүүд Монгол Улсын ДНБ-ий хэмжээнд эзэлж байгаа салбаруудын хувийн жингийн өөрчлөлтийг үндсэн чиглэлийн төсөлд тусгах боломжтой байсан эсэхийг, Эдийн засаг, хөгжлийн яамнаас инфляцыг хянах зорилгоор салбар дундын зохицуулалтыг хийх талаарх бодлогын арга хэмжээг үндсэн чиглэлийн төсөлд тусгах боломжтой байсан эсэхийг, төрийн албыг цомхон бүтээмжтэй болгох төсөл дэх арга хэмжээний талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн өөрчлөлтийн талаар тодруулж, хариулт авсан.

Төв банк инфляцын зорилтот түвшнээ онилж, холбогдох арга хэмжээгээ хэрэгжүүлэх ажиллаж байгаа бол Эдийн засаг, хөгжлийн яам бодлогын тохируулгуудаа хийгээд зорилтот түвшинд хадгалж, 2027 оноос инфляцыг 5 хувьд хадгалах зорилттой ажиллаж буйгаа Н.Учрал сайд хэлээд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр инфляцыг жилд нэгж хувиар бууруулах үүргийг хүлээж байгаа” гэсэн. Төрийн албанд иргэдийн хяналтыг нэвтрүүлж, иргэд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг үнэлдэг болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадвар дээшлэх, хариуцлагатай байх нөхцөл бүрдэж, чадахуйн зарчимд суурилсан, оновчтой чиг үүрэг, бүтэцтэй болох боломж бүрдэнэ хэмээн үзснээ С.Бямбацогт сайд тайлбарласан.  

Үргэлжлүүлэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, М.Энхцэцэг, Г.Очирбат нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт төсөв, хөрөнгө зарцуулсан хэдий ч үр дүн нь дүйцэхүйц гарахгүй байгааг М.Мандхай гишүүн тэмдэглээд ирэх таван жилд энэ байдлыг давтахгүй байхад анхаарахын чухлыг тэмдэглэсэн. Үндсэн чиглэлийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа М.Энхцэцэг гишүүн илэрхийлээд, Монгол Улсын эрчим хүчний салбарыг ирэх таван жилд хөгжүүлэх бодлого, чиглэл тодорхойгүй байгаа тул хэлэлцүүлгийн явцад илүү боловсронгуй болгох шаардлагатай, тэр дундаа эрчим хүчний салбарыг либеральчлах буюу зах зээлийг өрсөлдөөнтэй болгох бодлогын төлөвлөлт, шалгуур үзүүлэлт, хэмжих нэгжийг тодорхой болгох шаардлагатай гэдэг саналаа хэлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг ч сайжруулах, илүү дэлгэрэнгүй болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баримтлаагүй байгааг, мөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй нийцэхгүй байгааг Г.Очирбат гишүүн шүүмжилж байсан.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 24 гишүүний 50 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдаан үргэлжилж, хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонссон. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт болон  Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 19.4-д заасныг үндэслэн Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын 3.7-д заасан аргачлалыг баримтлан “Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулсан.  

Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны  69 тогтоолын 290 заалт, нийт 238  шийдвэрийн  1044 заалт бүртгэлтэй байгааг дурдав.

2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46.0 хувь байгааг тэрбээр танилцуулаад “Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд бүртгэлтэй байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагаар авч үзэхэд 1044 заалтаас 40.6 хувь буюу 424 нь “хэрэгжсэн”, 47.7 хувь буюу 498 нь “хэрэгжээгүй”, 11.7 хувь буюу 122 заалт “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж үнэлэгдсэн байна” хэмээсэн.

Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн хэрэгжилтийг Б.Жавхлан сайд дэлгэрэнгүй танилцууллаа.

2025 оны эхний хагас жилийн байдлаар Эдийн засгийн байнгын хорооны  эрхлэх асуудлын хүрээнд 17 хуулийн 58 заалтыг  төрийн захиргааны төв 16 байгууллага дунджаар 37.3 хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 32.8 хувь буюу 19 заалт “хэрэгжсэн”, 55.2 хувь буюу 32 заалт “хэрэгжээгүй”, 12.1 хувь буюу 6 заалтыг хэрэгжүүлэх “хугацаа болоогүй” гэж  тус тус дүгнэгдсэн байна.

Монгол Улсын 11 хуулийн 32 заалт хэрэгжээгүй бөгөөд уг заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт (журам, аргачлал, загвар)-ыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон байна. Хэрэгжээгүй 21 заалтаар журам 11, аргачлал 9, тавигдах шаардлага 2, төлөвлөгөө, жагсаалт, стандарт тус бүр 1, нийт 25 захиргааны акт батлан хэрэгжүүлэхээр байгаа юм байна. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2022 оны шинэчилсэн найруулгын 7.2.11 дэх заалтаар “баталгаажсан үүлдэр, омгийн болон гойд ашиг шимт үржлийн мал, амьтны үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гэж; мөн хуулийн 7.2.12 дахь заалтаар ашигт малтмал болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг уул уурхайн болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гэж; Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн (2022 он) 9.6.1.дэх хэсэгт “хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ хийх, үйл ажиллагааг хянах журам”-ыг Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." гэсэн нь уг асуудлыг Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан журмаар зохицуулж байна.

Ийнхүү тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах журам батлах зохицуулалтыг дээрх 2 хуульд давхардуулан тогтоосныг Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасан  "бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;" шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн тайланд дурджээ.

Мөн захиргааны акт батлуулах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх гэх мэт удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой байна.

Б.Жавхлан сайд үргэлжлүүлэн Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайланг танилцуулав. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэгдсэн 28 тогтоолын 99 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын 16 яамдад  дунджаар 50.0хувьтай байна. Үүнээс: 43.4 хувь буюу 43 заалт хэрэгжсэн, 43.4 хувь буюу 43 заалт хэрэгжээгүй, 13.1 хувь буюу 13 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж дүгнэгджээ. Улсын Их Хурлын хэрэгжээгүй 17 тогтоолын 43 заалтын талаар холбогдох тайланг мөн танилцуулсан.

Улсын Их Хурлын “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 73 дүгээр тогтоолын 1.4 дэх заалтаар Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамд даалгасан  “Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийн хэрэгжилтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, санхүүжилт багтаасан түлхүүр гардуулах (EPC+F) нөхцөлөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй болсон тул зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн ЭХЯ-наас хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулж холбогдох яамдаас санал авч байгаа тухай тайлагнасан нь  үр дүнгүй байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай”  2019 оны 92 дугаар тогтоолын 1.7 дах заалтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд даалгасан “Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх”  заалтыг 2021 оны 103 дугаар тогтоолын 1 дэх заалтад  92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж тайлагнасан хэдий ч дээрх заалттай холбоотой асуудлыг хөндөгдөөгүй тул уг заалтын хэрэгжилтийг хангаагүй, бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байгааг мөн тайланд дурдсан юм.

Улсын Их Хурлын “Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2023 оны 08 дугаар тогтоолын 1.а. заалтаар Зам тээврийн яаманд даалгасан “нүүрсний тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдэд дүн шинжилгээ хийн, шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах арга хэмжээ авах, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, 1.в. заалтаар Хууль зүй, дотоод хэргийн, Сангийн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Эдийн засаг, хөгжлийн яамдад даалгасан “байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар хүртээх, баялгийн ашиглалт, хуваарилалтын ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлэх, 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа Улсын Их Хуралд танилцуулах” зэрэг заалтуудыг холбогдох хуулийн төслийг боловсруулсан гэх тайлан ирүүлсэн ч Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлээгүй, мөн 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзсэн талаар тодорхой тайлагнаагүй учраас хэрэгжүүлээгүй гэж үзсэн болохыг дурдав.

Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх тайланг Б.Жавхлан сайд хуралдаанд танилцуулсан. Тайлант оны эхний хагас жилийн байдлаар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гаргасан 22 тогтоолын 70 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв 10 байгууллагад  дунджаар 50 хувьтай гарчээ. Үүнээс 47.1 хувь буюу 33 заалт “хэрэгжсэн”, 47.1 хувь буюу 33 заалт “хэрэгжээгүй”, 5.7 хувь буюу 4 заалтыг хэрэгжүүлэх “хугацаа болоогүй” гэж  тус тус дүгнэгдсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 2, 2018 оны 2, 2019 оны 1, 2020 оны 1, 2021 оны 4,  2022 оны 5, 2023 оны 3 тогтоолын нийт 18 тогтоолын 33 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хорооны “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай” 2019 оны 04 дүгээр тогтоолын 1.3 “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг соёрхон батлуулах ажлыг эрчимжүүлэх” заалтыг Гадаад хэргийн яамнаас Боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын 6 дугаар хуралдааныг 7 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд хуралдааны үеэр хэлэлцээрийг БНХАУ-ын талд ойрын хугацаанд соёрхон батлахыг хүсэж, протоколд тусгахаар төлөвлөж байна гэж тайлагнасан нь  тухайн  ажлыг  үр дүн гараагүй гэж үзсэн байна.

Мөн Улсын Их Хурлын Байнгын хорооны “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар” 2021 оны 04 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд даалгасан “Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх замаар үйлдвэрийн түүхий эд, баталгаат нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх” заалтын хэрэгжилтийг “урт хугацааны турш хэрэгжих” гэсэн нь тус заалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна гэж үзэх үндэслэл болсон гэв. 

Иймд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 18 тогтоолын 33 заалтын хэрэгжилтийг тухайн чиг үүргийг хүлээсэн байгууллагууд тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхүйц ахиц гараагүй, зарим тохиолдолд тогтоолын нэг заалтаар өгсөн хэд хэдэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй, тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага ирүүлээгүй байх тул  “хэрэгжээгүй” гэж дүгнэжээ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Түр хорооны 2 тогтоол гарсан байдаг аж. Цахим бодлогын түр хороо “Чиглэл өгөх тухай” 2019 оны 05 дугаар тогтоолоор 2 үүрэг чиглэл өгсөн  бөгөөд 1 заалт бүрэн хэрэгжсэн, 1 заалт хэрэгжээгүй байна. Мөн Улсын Их Хурлын Байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 03 дугаар тогтоолоор 14 үүрэг чиглэл өгөгдсөн бөгөөд үүнээс 2 нь бүрэн хэрэгсэн, 10  заалт хэрэгжээгүй, 2 заалт хугацаа болоогүй гэж тус тус үнэлэгдсэн байгааг Сангийн сайд танилцуулсан юм.

Дээрх хууль, Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүнгийн тайланг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцон ажиллаж байгаа хэмээв. 

Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 67 шийдвэрийн  227 заалт (хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоол)-ын хэрэгжилт 45.8 хувь байгаа талаарх дүгнэлтийг танилцуулсан. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 11 хуулийн 24 заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд эрх олгосон захиргааны акт (журам, заавар, аргачлал)-ыг батлах асуудлыг салбар бүрээр судлан үзэж нэн яаралтай холбогдох хууль тогтоомжид заасны дагуу боловсруулж, Хууль зүйн, дотоод хэргийн яамны эрх зүйн актын бүртгэлийн санд бүртгүүлж хэрэгжилтийг ханган ажиллах нь зүйтэй байгааг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. 

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаарх тогтоолын хэрэгжилтийн талаар М.Мандхай гишүүн, хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгааны талаар, холбогдох тайлангийн боловсруулалтын талаар, хэрэгжилтийг хангаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг Д.Үүрийнтуяа гишүүн, засаглал хоорондын хяналт, тэнцлийг хангах шаардлагын талаар Г.Очирбат гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ийнхүү сонссоноор Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан
ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЭЗБХ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан
ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо
Тусгай замын автобус /BRT/ төслийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээр дэмжигдлээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн байна
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг ISF.mn системд шилжүүллээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он