
Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давсан байна. Мөн түүнчлэн Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байна.
Өнөө өглөөний 08 цагийн мэдээгээр 8 дугаар сарын 22-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Хараа гол Дархан хот орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Наймдугаар сарын 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.