Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам дагуу байршилд шугам, сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний зам зөвшөөрөлгүй буулгаж, эвдсэн зөрчлийг НХШГ-аас арилгууллаа.
Энэ талаар нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Нарны зам дагуу 280 метр орчим явган хүний зам нурааж, нүх ухан шугам сүлжээний ажил хийсэн байршил дээр зөрчлийн хяналт шалгалт хийлээ. Зөрчлийн хувьд техникийн нөхцөл, ажлын даалгавар зэргийг батлуулсан боловч хаана, хэзээ, ямар талбайд ажлыг эхлүүлэх зэрэг зөвшөөрлийг УБЗАА-наас батлаагүй байхад явган хүний болон авто замын аюулгүй байдал алдагдуулсан байна” гэв.
НХШГ-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунболд “Авто зам болон явган хүний замыг сэтлэх тохиолдолд заавал зөвшөөрөл авч, батлагдсаны дараа ажлыг эхлүүлдэг. “Мөнх-Очир Од” ХХК-ийн хувьд зөвшөөрөл авалгүй шугам сүлжээний ажлыг эхлүүлсэн учраас ажлыг түр зогсоож зөрчлийг арилгуулна. Мөн явган хүний зам эвдсэн энэ компани Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.