Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.