УГТЭ: Францын зочин профессорын багтай хамтран хүүхдийн зүрхний хүнд тохиолдлуудад эмчилгээ хийж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй МОН007 төслийн хүрээнд Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, тус эмнэлгийн эмч нартай хамтран энэ сарын 25-31-ний өдрүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмч нарын хамтарсан баг энэ сарын 25-нд мэс засал эмчилгээний заалт гаргах шаардлагатай зүрхний хүнд хавсарсан эмгэгтэй 4 насанд хүрэгч, бага насны 20 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.
Мөн эмч нарын хамтран ажиллах хугацаанд манай мэргэжилтнүүд хараахан бие даан хийх боломжгүй хүнд хэлбэрийн хөх гажгууд болох баруун талын бөглөрөлтөт гажгууд, зүрхний төрөлхийн зүүн талын бөглөрөлтөт гажиг, уушгины венийн бүтэн буруу оролт болон Шоннын гажиг зэрэг нийт 9 тохиолдолд мэс засал эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.