Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсноос 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд 1 нь 15 настай, 5 нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.
Дээрх хүүхдүүдээс 3 нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Шүүхээс 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол 4 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Одоо 2 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавихгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.