
Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авлигын гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг тогтмол судалж, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар 1,686 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 85 буюу 5.3 хувиар өсжээ. Үүнээс 1104 буюу 65 хувь нь Нийслэлд, 582 буюу 35 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Мөрдөн байцаалт явуулсан 418 хэргийн 223 буюу 53.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 146, хахууль авах, өгөх 71, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нэг хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 247 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 35 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авчээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.