
Прокурорын байгууллагаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд олон нийтийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнүүдээс гадна хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг тоймлон хүргэж байна.
Дорноговь аймгийн прокурорын газар:
- Я.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Д, Д.А,Т.Г нарт хууль бусаар ашигт малтмалын хайгуулын ажил явуулах боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар, Б.Д, Д.А,Т.Г нар нь хууль бусаар хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох), яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Т, сургалтын орлогч М.Ц-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Я.Т-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, сургалтын орлогч М.Ц-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан Б.Д, Д.А, Т.Г нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Д-г 10 сая төгрөг, Д.А, Г.Г нарыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүгдэгч нараас байгаль орчинд учирсан хохирол болох 2.7 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөгийг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 257 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Б.Э, Б.О, Ч.У, Ж.Ш, О.Н нар нь бүлэглэн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс нэр бүхий 5 шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 5.4 сая төгрөгөөр торгох ялыг оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:
- Э.Э нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 5 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд гарал үүслийн гэрчилгээгүй 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс модыг том оврын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.Э-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол 177.6 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 72.1 сая төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.
- К.Х нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс К.Х-г хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.5 сая төгрөгийг К.Х -ээр нөхөн төлүүлсэн байна.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас:
- Ч.М, Б.М нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт 2026 оны 8 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө техник хэрэгсэл ашиглан 3.9 грамм алт (байгалийн) олборлосон хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ч.М, Б.М нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 8.5 сая төгрөгийн торгох ял оногдуулж, олборлосон алтыг улсын орлого болгож, нөхөн сэргээлтийн зардалд 1.1 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан металл хайгчийн үнэлгээ 500 мянган төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн прокурорын газраас:
- П.Б, Х.Г нарын нэр бүхий 8 хүн бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 1 тонн 199 килограмм 300 грамм ашигт малтмалын шороо олборлож, байгаль орчинд 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар, мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт (хулгайлах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 саяас 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, олборлосон 72 грамм алт, байгаль орчинд учирсан хохирол 13 сая төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.7 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийг ЭНД дарж харна уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.