
Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас зохион байгуулсан “Албан бус хөдөлмөр эрхлэлт ба зохистой хөдөлмөр, тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэгт Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар холбоодын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэгчдийн эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн гэрээ, татвар болон зохистой хөдөлмөрийн орчин зэрэг асуудлаар мэдээлэл, судалгаа, статистик танилцуулж, оролцогч талууд санал солилцов.
ОУХБ-ын танилцуулсан мэдээллээр Монгол Улсад албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2019 онд 549,763, 2020 онд 555,221, 2021 онд 520,482, 2022 онд 555,712, 2023 онд 531,493 байжээ. Үүнээс Улаанбаатар хотод 2023 онд 129,831 хүн албан бус хөдөлмөр эрхэлж байсан байна.
Мөн 2023 оны мэдээллээр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй бөгөөд салбарын хувьд хөдөө аж ахуй, ой, загас агнуурын салбар хамгийн өндөр хувийг эзэлж байгааг танилцууллаа.
Хэлэлцүүлгээр албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах, зохистой хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлд тулгарч буй сорилт, боломжийн талаар оролцогч талууд санал солилцлоо.
Аялал жуулчлалын салбарын хувьд хөдөлмөр эрхлэлтийн онцлог, улирлын шинж чанар, ажиллах хүчний тогтвортой байдал, хөдөлмөрийн эрх, нийгмийн хамгааллын асуудлыг цаашид бодлого, хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг онцлон, салбарын төлөөллийн байр суурийг илэрхийллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.