“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад аялал жуулчлалын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотноо “АйТиЭм Монголиа 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Монголын аялал жуулчлалын холбооноос 27 дахь жилдээ 2026 оны 10 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн нь 1999 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон бизнес, хамтын ажиллагааны талбар болон өргөжиж, энэ жил “Тогтвортой аялал жуулчлал – Төв Ази” гэх үндсэн уриан дор түнш аймгаар Дундговь аймаг сонгогдон хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэн нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүс нутгийн онцлог, шинэ маршрут, хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Үзэсгэлэнд аймаг, нийслэлийн төр хувийн хэвшил, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, тээврийн компани, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, амралт сувиллын газар, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, их дээд сургууль, дижитал үйлчилгээ үзүүлэгч зэрэг олон салбарын байгууллага оролцоно.
Үзэсгэлэнгийн хүрээнд оролцогчид дотоод, гадаадын түншүүдтэй B2B уулзалт зохион байгуулж, шинэ гэрээ хэлцэл байгуулах боломжтой бөгөөд тогтвортой аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, дижитал технологи, жуулчны аюулгүй байдал зэрэг сэдвээр форум, салбар хуралдаанууд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцохыг хүсэгчид Монголын аялал жуулчлалын холбоонд хандан бүртгүүлнэ үү.
-
Холбогдох утас: 99109816, 88460044
-
Цахим шуудан: tourismmongolia99@gmail.com
-
Вэбсайт: www.travelmongolia.org
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.