Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ

Монгол Улсын Зэвсэгт хүчинд 26 жил алба хаасан, иргэн Түвдэндоржийн Энхбаатар “ЦЭРЭГ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСНЫ БОСГЫГ ЭРГЭН ХАРАХ ТУХАЙ” нийтийн өргөдлийг гаргажээ.
Тодруулбал тэрбээр 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Нийтийн өргөдлийн системд нийтлэгдэж, иргэдийн дэмжлэг авч эхэлсэн байна.

Тэрбээр “Энэ нь зөвхөн миний хувийн асуудал бус, цэрэг, цагдаа, хил хамгаалах, онцгой байдал болон бусад цэрэг, хүчний байгууллагад олон жил алба хаасан олон мянган иргэний тэтгэврийн насны босго, цаашдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаатай холбоотой асуудал юм” гэлээ. Мөн тэрбээр “Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ олон эрх, боломжоо хуулиар хязгаарлуулан, залуу нас, хөдөлмөрийн он жилүүдээ зориулсан цэрэг, хүчний байгууллагын алба хаагчид тэтгэвэрт гарсныхаа дараа ч 55, 60 насны босго хүлээн, нийгмийн хамгааллын тодорхой боломжийн гадна үлдэж байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Тэрбээр өргөдөлдөө, Монгол Улсын Их Хуралд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан холбогдох хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулах болсон нь цэрэг, хүчний байгууллагад олон жил алба хаасан иргэдийн нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Гэвч өмнө нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдээс эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр тооцон олгохоор насны босго тогтоосноор хуулийн дагуу цэргийн тэтгэвэр авагч болсон иргэдийн нэг хэсэг тодорхой хугацаанд уг зохицуулалтын гадна үлдэх нөхцөл үүсэж байна. Цэрэг, Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагын алба нь ердийн 8 цагийн хөдөлмөрөөс онцлог. Алба хаагчид улсын хил, алслагдсан бүс, хээрийн нөхцөл, гамшиг осол, нийгмийн хэв журам, онцгой болон эрсдэлтэй нөхцөлд өдөр, шөнийн аль ч цагт, баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг үл харгалзан үүрэг гүйцэтгэж, байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг. Албаны шаардлагаар гэр бүл, үр хүүхдээсээ удаан хугацаагаар хол байх, амралт чөлөөгөө хязгаарлуулах, шаардлагатай үед хэдийд ч албандаа дуудагдан үүрэг гүйцэтгэх нөхцөл нийтлэг байдаг.
Төр цэргийн албаны энэхүү тусгай нөхцөл, өндөр хариуцлага, эрсдэл, хатуу сахилга, байнгын бэлэн байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас хуульд заасан хугацаа, нөхцөл, шалгуурыг хангасан алба хаагчдад ердийн өндөр насны тэтгэврийн наснаас өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхийг тусгай хуулиар олгосон. Иймд 40–50 гаруй насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэнийг зүгээр нэг “эрт тэтгэвэрт гарсан” гэж үзэх үндэслэлгүй. Тухайн иргэн төрийн өмнө хүлээсэн тусгай үүргээ олон жил биелүүлж, хуульд заасан шалгуурыг ханган цэргийн тэтгэвэр авах эрхээ хуулийн дагуу үүсгэсэн байдаг. Гэтэл хуулийн дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон атлаа суурь тэтгэвэр авахын тулд дахин эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрэх шаардлага тавьснаар ижил хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэд наснаас шалтгаалан өөр өөр нөхцөлд хамрагдах асуудал үүсэж байна. Энэ асуудал нь зөвхөн нэг байгууллагын бус, хуульд хамрагдах Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, төрийн тусгай хамгаалалт болон бусад цэрэг, тусгай албанд олон жил үүрэг гүйцэтгэж, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой юм.
Иймд Монгол Улсын Их Хурлаас цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулахад тавьсан эрэгтэй 60, эмэгтэй 55 насны босгын үндэслэл, үр нөлөөг дахин судлан үзэж, цэргийн албаны тусгай нөхцөл болон хуулийн дагуу нэгэнт үүссэн тэтгэвэр авах эрхийг харгалзан, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийг наснаас үл хамааран суурь тэтгэвэрт хамруулах боломжийг судалж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсэж байна. Цэргийн тэтгэвэр бол хөнгөлөлт биш. Энэ бол цаг наргүй алба, хатуу сахилга, өндөр хариуцлага, эрсдэл, байнгын бэлэн байдал, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үндсэн дээр хуулиар олгогдсон эрх юм.
Хэрэв та уг өргөдөлд нэгдэхийг хүсвэл ЭНД дарж дэмжих боломжтой.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.