
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй "Явуулын оффис" өнөөдөр Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэлээ.
Энэ үеэр миний бие үйлчилгээ авч буй иргэдтэй уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонсон, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар ярилцлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан, хурдан шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Төрийн байгууллага иргэдтэйгээ зөвхөн жилдээ нэг, хоёр удаа зохион байгуулдаг "Нээлттэй хаалганы өдөр"-өөр уулзах бус, өдөр тутам иргэдийнхээ дунд ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэхийн төлөө ажиллах нь төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үндэс юм.
”Явуулын оффис"-ын үйл ажиллагаа эхэлснээс хойш мянга гаруй иргэн төрийн үйлчилгээ авч, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлээд байна.
Цаашид энэхүү үйлчилгээг алслагдсан дүүрэг, хороо, аймаг, орон нутагт үе шаттайгаар өргөжүүлж, төрийн үйлчилгээг иргэн бүрт илүү ойр, хүртээмжтэй хүргэхийн төлөө тууштай ажиллах болно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.