
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Д-г АНУ-аас албадан авчирчээ. Тодруулбал, залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2022 онд гадаад улс руу оргон зайлсан уг этгээдийг АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид энэ сарын 17-ны өдөр Монгол Улсад хүргэн ирсэн байна.
Түүнийг Монгол Улсын хилээр орж ирмэгц нь өмнө нь гарсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн тогтоолыг танилцуулж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улсын Интерполын үндэсний төв товчоо энэ онд гадаад улсад оргон зайлсан 17 дахь иргэнийг эх оронд нь албадан авчирсан байна. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран шүүхийн шатнаас оргон зайлсан болон эрүүгийн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж. Сүүлийн жилүүдэд АНУ, БНСУ зэрэг улс хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэдийг буцаан шилжүүлэх ажиллагаа идэвхжиж буйг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд залилах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, албан тушаалаа урвуулан ашиглах, зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан этгээдийг БНСУ-аас албадан авчирсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.