Сэтгэгдэл 0

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал, ноён Мухаммед Эхсан хантай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшлэх, гамшгийн улмаас үүсэх эрсдэл буурах, иргэд, аж ахуйн нэгжид учирч болзошгүй хохирол багасах, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.
Мөн олон улсын жишигт нийцсэн өндөр хүчин чадалтай тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах замаар гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, аврагч, гал сөнөөгчдийн үүргээ гүйцэтгэх баталгаа дээшилж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин, мал амьтанд учирч болох хохирлыг бууруулах төдийгүй үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Хошууч генерал Г.Ариунбуян “Азийн Хөгжлийн Банк нь1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын олон талт хөгжлийн гол түнш байж, санхүү, хот байгуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудад хөрөнгө оруулалт хийж, олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг цохон тэмдэглэж, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.