“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг зохион байгуулж байна

“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Ухаалаг хэрэглээнд хөтлөхийн төлөө алхмууд хийж байгаа. Хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо эхлүүллээ.
Эрчим хүчний хэрэглээгээ илүү ухаалаг удирдах тогтолцоонд шилжиж байна. Энэ бол технологийн шинэчлэл биш, бодлогын томоохон эргэлт юм. Айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэглээг бодит цаг хугацаанд хянаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж, үр өгөөжийг нь хүртдэг шинэ тогтолцоо бүрдүүллээ.
Засгийн газрын “Чөлөөлье” бодлого, дөрвөн чөлөөлөлтийн нэг “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”, “3×100” хөтөлбөр нь реформын үндсэн зураглал, чиг шугам нь юм. Ногоон зээлийн нөхцөлийг хөнгөлж, хүнд суртлаас чөлөөлсний үр дүнд нарны эх үүсгүүр, хураагууртай болж, өөрийн хэрэглээгээ хангаж, үйлдвэрлэсэн, хадгалсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж буй айл өрхүүд нэмэгдэж байна.
Засгийн газрын “3×100” хөтөлбөр гэдэг нь 100 мянган нарны гэр, 100 МВт-ын тархмал эх үүсвэр, 100 мянган цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөө байгуулах Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн зам юм” хэмээн тэмдэглэлээ.
Түүнчлэн Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарыг тогтвортой хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийн бүтцийг төрөлжүүлэх, цэвэр технологид үе шаттай шилжих дунд, урт хугацааны бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Манай улс жилд 300 гаруй хоног нартай, салхины өндөр нөөц бүхий өргөн уудам газар нутагтай. Энэхүү байгалийн асар их нөөц нь зөвхөн нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэх төдийгүй ногоон устөрөгч, ногоон аммиак зэрэг ирээдүйн эрчим хүчний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүс нутгийн хэмжээнд экспортлох боломжтой юм.
Цаашид шинэ эх үүсвэр барихаас гадна хэрэглээг илүү ухаалгаар удирдах, эрчим хүчээ үр ашигтай ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага бий. Хэрэглэгч бүр өөрийн хэрэглээг бодит цаг хугацаанд хянах, төлбөр тооцоогоо цахимаар хийх, эрчим хүч хэмнэх боломжоо тодорхойлох, цаашлаад өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болох шинэ боломжууд нээгдэж байна. Эрчим хүчний салбар цахим болсноор зардал буурч, бүтээмж сайжран, хулгай үгүй болно. Хамгийн гол нь иргэд эрчим хүчний хэрэглээ, төлбөрөө өөрөө шууд хянадаг, хэмнэдэг болно” хэмээн онцлов.
18.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү өдөрлөгийн үеэр:
- Эрчим хүчний салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд үүсэх давуу тал, хэмнэх боломж
- Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахим системийг танилцуулах
- Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг сүлжээнд холбох зөвлөмж, төлбөрийн буцаан олголт
- Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжид олгож буй санхүүжилт, ногоон зээл
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн талаарх гэхчлэн мэдээлэл авах боломжтой.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.