
Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190, Өмчлөх эрхийн эсрэг 127, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Авлигын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 3, Эрүүл мэндийн эсрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- “Т...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Т...”, “Ю...Т...” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х... “ ХХК-тай байгуулсан, улмаар “Т...” ХК-ийн ТУЗ-ын “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцож, 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х...” ХХК-д худалдан “Т...” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Л.О, Г.Э нар нь “И...” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 3,4 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 346,3 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Л нь “Т...” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- М.Б нь Нийслэлийн засаг даргын захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарсан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай Арьс ширний 25, 26 дугаартай орон сууцыг буулгаж, шинээр барих төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан “О...” ХХК-ийн нэрийг барьж, тус компанийн хувьцааг эзэмшүүлнэ гэж бусдад итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төсөлд хөрөнгө оруулах нэрээр нэр бүхий 2 иргэний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн, мөн 1 иргэний орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, залилж, нэр бүхий 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар:
- Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр ачаа тээврийн карго ашиглан 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- А.П нь НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай конвенц"-ын I жагсаалтад багтсан каннабинол, каннабидиолын агууламжтай бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Ө.М нь 2025 оны 7 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын I жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "MDMA" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, М.Ц нь тухайн бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор бусдаас олж авч, биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 9 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарын хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- О.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 3 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах ) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.