Сэтгэгдэл 0

ХБНГУ-ын Засгийн газар тус улсын хэмжээнд чихэрлэг ундаанд татвар ногдуулах тухай хуулийн төслийг баталжээ. Хэрэв Германы Бундестаг (парламент) уг хуулийг баталбал, татвар 2027 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэхүү алхмаар эрх баригч эвсэл нь холбооны төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг бууруулж, илүү эрүүл сонголт бүхий бүтээгдэхүүн санал болгоход уриалах зорилготой байна. Энэхүү татвар нь эрүүл мэндийн салбарт учирч буй ачааллыг хөнгөвчлөх зорилготой байна. Чихэр ихтэй ундааны хэрэглээ өндөр байгаа нь таргалалт, чихрийн шижин, шүдний өвчлөл зэрэгт хүргэдэг бөгөөд үүний улмаас эрүүл мэндийн салбар жил бүр хоёр тэрбум еврогоос давсан зардал гаргахад хүргэдэг байна. Энэхүү татварын орлогоор холбооны Засгийн газрын төсөвт 2027 онд 690 сая евро, 2028 онд 925 сая еврогийн нэмэлт орлого төвлөрнө гэж тооцоолж байна.
Ямар ундаанууд татварт хамрагдах вэ, хэн илүү төлөх вэ?
Хуулийн төсөлд зааснаар, 100 мл тутамд нийт 5 грамм ба түүнээс дээш хэмжээний сахар агуулсан ундаанууд энэ татварт хамрагдах аж. 100 мл тутамд 5 граммаас дээш, гэхдээ 8 граммаас бага сахар агуулсан ундааны хувьд литр тутамд 0.26 еврогийн татвар ногдуулах бол 8 грамм ба түүнээс дээш сахар агуулсан тохиолдолд энэ дүн литр тутамд 0.32 евро болж нэмэгдэх аж.
Иймд уг жагсаалтад "Coca-Cola" зэрэг хийжүүлсэн ундаа, хүйтэн цай, энергийн ундаа, жимсний нектар болон сахар нэмсэн жимсний өтгөрүүлсэн шүүснүүд багтаж байна. Түүнчлэн сүү, овъёос, будааны ундаанууд, мөн ямар нэгэн нэмэлтгүй, цэвэр жимс, хүнсний ногооны шүүснүүд ч татвараас чөлөөлөгдөнө. Жилд 70,000 литр хүртэлх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, бие даасан үйлдвэрлэгчид энэ татвараас чөлөөлөгдөнө. Харин жилд 1 сая литр хүртэлх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөхийн тулд Европын Комиссоос "төрийн тусламжийн дүрэм"-ийн дагуу зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Энэхүү татварын асуудал нь эвслийн Засгийн газар тохиролцоонд хүрэхээс өмнө ч, дараа нь ч шүүмжлэл дагуулсаар ирсэн. Германы олон нийтийн телевизийн "ARD" сувгийн "Tagesschau" мэдээллийн хөтөлбөрт мэдээлснээр, Хессен мужийн Ерөнхий сайд Борис Райн (CDU) уг татвар нь ундааны үнийг өсгөж, ундааны салбар дахь ажлын байруудад эрсдэл учруулж болзошгүй гэж мэдэгджээ. АНУ-д төвтэй "Tax Foundation" байгууллага ч мөн 2025 онд нийтэлсэн тайландаа сахар ихтэй ундаанд татвар ногдуулах нь эрүүл мэндэд үнэхээр тустай эсэхэд эргэлзээ илэрхийлсэн байна. Тэдний үзэж байгаагаар: "Сахар ихтэй ундаанд татвар ногдуулах нь үнийг нь өсгөж байгаа мэт боловч, үнийн өсөлтийн үр дүнд хүн амын эрүүл мэндийн байдал дорвитой сайжирсан гэх нотолгоо байхгүй" ажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.