
Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 583 хүнд холбогдох 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна. Шүүх 6 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2-3 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 хүнд 6.5 сая төгрөгийн торгох ял, 4 хүнд 1-ээс 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 3 хүнийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргажээ.
Хэргийг тоймлон хүргэвэл:
- М.Д,Э.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М....” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс М.Д , Э.Б, О.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар оршин сууж байгаа дүүргээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 91 сая төгрөгийг иргэний хариуцагч “М....” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн;
- О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн танил Ц.Ч-н 239 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж, татвар төлүүлэхгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, гаалийн улсын байцаагч Т.Б-т хууль бус үүрэг, чиглэл өгч, Ц.Ч-г 37 сая төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ч, Л.Ц, Б.Т нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, нийтийн албан тушаалтан О.Б, Т.Б нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.