
Оргил ачаалал гэдэг нь оройн 17:00–22:00 цагийн хооронд нийт айл өрх, албан байгууллагууд ажлаасаа тарж ирээд зурагт, гэрэл, плитка, халаагуур зэрэг цахилгаан хэрэгслүүдээ нэгэн зэрэг залгаснаар эрчим хүчний систем дээд цэгтээ тулж ачаалах үеийг хэлдэг. Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч чангарахтай зэрэгцэн энэхүү оргил ачаалал огцом өсөж, системд хүндрэл учруулах эрсдэл үүсдэг.
Тиймээс эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, иргэдэд эрчим хүчний зохистой хэрэглээний дадал хэвшил олгох зорилготой "Тогоо амраая" аян эрчим хүчний салбарын 18000 нийт инженер техникийн ажилтнаас уриалж байгаа юм.
Оргил ачааллын үед айл өрх бүр ердөө 1–2 цахилгаан хэрэгслээ унтрааж, хэрэглээгээ бусад цаг руу шилжүүлж хэвших нь системд үүсэх хэт ачааллаас сэргийлж, бүхэл бүтэн нэг цахилгаан станцын ачааллыг хөнгөлөх хэмжээний бодит дэмжлэг болдог.
"Тогоо амраая" аянд нэгдэх энгийн 3 алхам
Хүлээж болох хэрэглээг хойшлуулах:Угаалгын машин, аяга таваг угаагч, индүү, тоос сорогч зэрэг өндөр хүчин чадалтай цахилгаан хэрэгслүүдийг17- 22:00 цагаас бусад цагт хэрэглэх
Илүүдэл гэрэл, залгуурыг салга:Хүн байхгүй өрөөний гэрлийг унтрааж, ашиглаагүй цахилгаан хэрэгсэл болон цэнэглэгчийг залгуураас нь салгах.
Албан байгууллагууд хариуцлагатай байх:Ажлын цаг дуусахад (17:00 цагт) компьютер, принтер, оффисын гэрэлтүүлэг болон гаднах гэрэлтдэг хаягаа унтрааж хэвших.
Оргил ачааллын бус буюу шөнийн цагаар хэрэглээгээ шилжүүлснээр зөвхөн эрчим хүчний системийг эрсдэлээс хамгаалаад зогсохгүй, шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж өрхийн санхүүдээ бодит хэмнэлт хийх давхар ач холбогдолтой юм.
Нийслэлчүүд та бүхнээс өдөр бүр оройн 17:00–22:00 цагийн хооронд "Тогоо амраая" уриалгад нэгдэхийг урьж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.