
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс соёлын салбарын байгууллагуудын удирдлага, албан хаагчдын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагаанд шударга, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 55, Соёл урлагийн газрын 37, Монголын Үндэсний музейн 45, нийт 137 албан тушаалтан хамрагдав. Сургалтын үеэр авлигатай тэмцэх эрх зүйн орчин, авлигын ойлголт, хэлбэр, үүсэх шалтгаан, нөхцөл болон соёлын салбарын шударга байдлын үнэлгээний талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн сургалтын үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн зохицуулалт, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргах үүргийн талаар соёлын салбарын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн, бодит жишээ, тохиолдол болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдэлд тулгуурлан тайлбарлав.
Түүнчлэн албан тушаалын бүрэн эрхээ хуульд нийцүүлэн, шударга, хариуцлагатай хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл явцад үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах арга замын талаар нэгдсэн ойлголт өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.