Сэтгэгдэл 0
С.Лхагвадорж: Ажил олгогчийн тогтвортой үйл ажиллагааг нь дэмжих, даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалья гэдэг зорилгын хүрээнд “Итгэлцлын аян”-ыг зарласан

Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн улмаас банкны харилцах дансаа хаалгаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болдог. Тэгвэл тус газраас шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөртэй байгууллагуудад боломж олгох үүднээс арав гаруй жилийн дараа “Итгэлцлийн аян”-ыг зарлаад байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалтгалтын газрын дарга С.Лхагвадоржтой ярилцлаа.
-Ярилцлагынхаа эхэнд та нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой статистик тоо баримт болон үйл ажиллагааны ерөнхий мэдээллээс товч танилцуулна уу?
- Нийгмийн даатгалын байгууллага маань бусад төрийн байгууллагуудаас онцлог нь нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж, түүнээсээ буцаагаад тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт гэх зарлагуудыг хуулийн дагуу гаргадаг, орлого зарлагын үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийгмийн даатгалд 2025 оны 08 дугаар сарын эцсийн байдлаар шимтгэл төлөгч 61.3 мянган аж ахуйн нэгж байгууллага, 1.2 сая даатгуулагчийг хамруулаад байна. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн дагуу энэ онд 5.4 их наяд төгрөгийг шимтгэлийн орлогоор нийгмийн даатгалын санг бүрдүүлэхээр, 5.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож зарлага, санхүүжилт хийхээр зорин ажиллаж байна. Оны эхнээс 520.0 мянган тэтгэвэр авагчид сар бүр, 110 мянга даатгуулагчид 3 төрлийн тэтгэмж, ажилгүй болсон 21.0 мянган даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжид нийтдээ 3.9 их наяд төрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоод байна. 09 дүгээр сарын 01-ний байдлаар хуримтлагдсан өртэй 19.4 мянган ажил олгогчийн 524.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн өр үүсээд байгаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай ажил олгогчийг дэмжих, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалахад хамтран ажиллах “Итгэлцлийн аян”-г зарлаад байна.
-Энэ аяны гол зорилго?
-Энэхүү аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, итгэлцлийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдуулах, харилцагч банкны дансыг хаахгүй байх, өмнө хаасан шийдвэрийг цуцлах, өр барагдуулах хугацаатай гэрээ байгуулах замаар ажил олгогчид, даатгуулагчдыг санхүүгийн болон нийгмийн эрсдэлээс хамгаалах, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд төлүүлж хэвших, цаашид шимтгэлийн хуримтлагдсан өрийн хэмжээг өсгөхөөс урьдчилан сэргийлэх, Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийг сурталчлах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүргийн талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршиж байна.
Дээр хэлсэнчлэн хуримтлагдсан өртэй байгаа 19.4 мянган ажил олгогч Итгэлцлийн аянд хамрагдахаар байгаа бөгөөд эдгээр ажил олгогчид шимтгэлийн өрөөс 10-с доошгүй хувиар төлж, нийгмийн даатгалын буюу эрх бүхий байгууллагатай өр барагдуулах хугацаа, хуваарьтай гэрээ байгуулсан тохиолдолд хуулиар тогтоох алданги, торгуулиас чөлөөлөх, тухайн байгууллагын ажилтнуудад тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, сэргээх зэрэг эерэг, таатай нөхцөл бүрдүүлэхийг давхар зорьж байгаа.
-Өр төлбөрөөс шалтгаалан даатгуулагчид хохирч байгаа тохиолдол нэлээд байгаа. Тэтгэврээ тогтоолгож чадахгүй, жирэмсний тэтгэмжээ авч чадахгүй ч гэдэг юм уу?
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй хугацааг даатгагдсан хугацаа гэж үзэхэд бэрхшээлтэй тул хуримтлагдсан өртэй дээрх 19.4 мянган ААНБ-ын 170.4 мянган даатгуулагчид нийгмийн болон санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдэх магадлалтай.
-Шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдуулах чиглэлээр нийгмийн даатгалын байгууллага ямар ажиллагаа хийсэн бэ?
- Ажил олгогч, даатгуулагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ үнэ зөвөөр тайлагнаж, сард нь багтааж шимтгэлээ төлөх үүргийг хүлээсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 524.9 тэрбум төгрөгийн өртэй 13.7 мянган ажил олгогчийн банкны дансыг хааснаас гадна 2.4 мянган байгууллагад Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 2.7 мянган ажил олгогчтой өр барагдуулах уулзалт хийж, 1.1 мянгатай нь өр барагдуулах 6 сарын хугацаатай гэрээ байгуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн удаан хугацаанд их хэмжээний хуримтлагдсан өртэй 690 ААНБ-ын асуудал Шүүхийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байгаа. Уг нь тухайн байгууллагыг Шүүхэд шилжүүлэхийн өмнө шимтгэлийн өрөө төлөхийг сануулна, удирдлагуудтай уулзалт зохион байгуулна, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлнэ, өр төлөлтийн график, гэрээ байгуулах гээд олон ажил хийгдэж байгаад эцэст нь л шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авдаг да.
- Уг аянд хамрагдахын тулд байгууллагууд яах ёстой вэ.
-Шимтгэлийн өртэй ажил олгогчид Итгэлцлийн аянд хамрагдахын тулд өөрийн харъяа Нийгмийн даатгалын газарт хандан хүсэлтээ гаргахад болноо.
-Тус аяны ач холбогдлыг харахад мэдээллийг нь нийгэмд, ажил олгогчдод, даатгуулагчдад сайн хүргэх ёстой юм биш үү. ААНБ-д хандан уриалах зүйл байна уу?
-НДЕГ-аас аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газруудаа мэдээ мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангасан. Манай салбар бүх шатандаа энэхүү аяны талаар сурталчилгаа, мэдээллийг өгч, өртэй ажил олгогдод мэдээлэл хүргэх, ажлыг зохион байгуулж байна. Ийм аян ойрын жилүүдэд зарлагдаагүй, бас 1 сарын хугацаатай зохиогдож байгаа тул ААНБ-ууд маань энэ боломжийг алдалгүй нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаасай гэж бодож байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагуудын хувьд эдийн засгаа сэргээх, ААН-ийнхээ үйл ажиллагааг тогтворжуулах, бизнэсээ сэргээх, ажилтан даатгуулагчдаа нийгмийн болон санхүүгийн эрсдлээс сэргийлэх нөхцлийг нийгмийн даатгалын байгууллагаас олгож байна. Тэгэхээр энэ нэг сарын хугацаанд энэхүү Итгэлцлийн аянд идэвхтэй оролцож, өөрсөддөө эдийн засгийн боломжийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.