Хүүхдийн архаг өвдөлт болон хүнд хэлбэрийн булчингийн чангарлыг эмчлэх “SynchroMed™ II” системийг хүлээлгэж өглөө

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх болон нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолоор хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсний дагуу сонгон шалгаруулах ажиллагааг хууль, журамд нийцүүлэн зохион байгууллаа.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй эмчилгээний дэвшилтэт технологийн нэг болох АНУ-ын Medtronic компанийн “SynchroMed™ II Intrathecal Pump” буюу “Суулгац хэлбэрийн эмийн инфузийн систем”-ийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөв.
“SynchroMed™ II” нь хүний биед мэс заслын аргаар суулгадаг, программчлагдсан эмийн шахуурга бөгөөд тусгай катетерийн тусламжтайгаар эмийг нугасны шингэний хөндий буюу интратекал орчинд шууд хүргэдэг систем юм.
Уг технологи нь эмийг бүх биеэр дамжуулан хүргэх уламжлалт аргын оронд шаардлагатай хэсэгт нь чиглүүлэн хүргэх зарчимд суурилдаг. Ингэснээр зарим төрлийн эмчилгээнд харьцангуй бага тунгаар эмчилгээний үр нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд эмийн системийн нөлөө, гаж нөлөөг бууруулах давуу талтай.
Тухайн системийг архаг өвдөлтийн хяналт, хүнд хэлбэрийн булчингийн чангарал (спастик)-ын эмчилгээ гэсэн хоёр чиглэлээр ашигладаг. Тэгвэл манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 4000 орчим хүүхэд байгаа гэсэн тоон мэдээлэл байна.
Өмнө нь Монгол Улсад дээрх технологийг ашиглаж эмчилгээ хийж байгаагүй бөгөөд ирэх сард холбогдох нарийн мэрэгжилтнүүд ирж манай эмч нарт зөвлөмж, чиглүүлгийг өгөх юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.