АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д хахууль өгсөн гэх нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Иргэн Д.М, Б.А, Ц.Т, П.Б, Д.Б, Б.Н нар нь өөрийн барьсан үл хөдлөх хөрөнгөд хаягийн тодорхойлолт авалгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд, иргэн О.Н нь хадам аавынхаа өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Ж.О нь эцгийнхээ өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Н.С, Ш.О, Б.А, М.Б нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түргэн хугацаанд гаргуулахын тулд, иргэн Ч.Б нь хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах зорилгоор тус тус нийтийн албан тушаалтан Б.Э-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх зэрэг эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д нэр бүхий иргэдээс өгсөн гэх хахуулийн нийт хэмжээ 500,0 гаруй сая төгрөгөөр тооцогдож байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.