
“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ.
Энэ өдөр Үндэсний шигшээ багийн тамирчдаас сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр өрсөлдөнө. Түүний хувьд эхний барилдаанд Индонезийн Алиансян Мухаммедтэй, 87 кг-ын жинд ОУХМ Г.Төрболд Тажикстаны Султонзодатай, 130 кг-ын жинд өрсөлдөх Б.Намбардавга “Парис-2024” зуны олимпын наадмын хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, БНХАУ-ын бөх Мэн Лин Зэтэй тус тус учраа таарчээ.
Харин энэ өдрийн онцлох барилдаан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрнөнө. Монгол Улсаас “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5 хүрэл, 1 мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа өрсөлдөнө.
Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёр дахь барилдаандаа эзэн орны бөх, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Ази тивийн аварга Иши Ами болон Казахстаны бөх, дэлхийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Ази тивийн иж бүрэн медальт Бакбергенова Жамила нарын ялсантай учраа таарна.
Аваргуудыг ялж чадвал хагас шигшээд БНХАУ-ын бөх, дэлхийн иж бүрэн медальт Лон Жиатай учраа таарах магадлалтай.
Нөгөө зоонд Киргизстаны Мээрим Жуманазарова тэргүүтэй Энэтхэг, БНАСАУ, Узбекистаны бөхчүүд багтсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.