PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой

Канадын Торонто хотод дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагч нарын хамгийн том чуулга уулзалт болж буй. Энэ бол PDAC-2026 юм. Жил бүрийн өдийд догдлол дүүрэн эхэлдэг энэхүү арга хэмжээнд Монгол Улс 29 дэх жилдээ оролцож байна.
Алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар арвин нөөцтэй манай улсын хувьд нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорьж буй. Энэ чиглэлд бодлогоо зангидаж хууль эрхзүйн орчноо шинэчилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг уул уурхайн салбарыг төлөөлж буй Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийлсэн юм.

Тэрбээр “Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулан эрх зүйн шинэчлэл хийж байна. Манай улс зэс, уран, молибден, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх бүрэн боломжтой. Цаашлаад нийлүүлэгч орноос боловсруулагч орон болох зорилготойгоор урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг дэмжин ажиллана” хэмээлээ.
Мөн зэсийн нөөц арвинтай орны хувьд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Цаашид ган болон бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хөрөнгө оруулагч нарт танилцуулсан билээ.

Монгол Улсын хувьд эдийн засаг нь эрдэс баялгийн салбарт тулгуурладаг. Нийт экспортын 95 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 75 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүрдүүлж байгаа нь үүний тод жишээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд энэ хамаарлыг бууруулахаар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай, урьдчилан таамаглах боломжтой болгоход чиглэсэн бодлогын шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж байгаагийн нэг нь Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж буй юм. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татварын таатай орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байгааг яриандаа дурдаж байлаа. Мөн боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Мөн энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайгаар дамжуулж Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Манай улсын хувьд PDAC-2026 ээлжит олон улсын чуулганд жил бүр оролцохдоо “Mongolia day” үзэсгэлэнг санаачилсан нь өдгөө дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах чухал гүүр болж буй. 94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй PDAC олон улсын чуулга уулзалт нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд 125 орны 27 мянга орчим төлөөлөгч оролцож, 1300 орчим үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэ удаагийн PDAC 2026 чуулга уулзалтаар цахилгаанжуулалт, эрчим хүчний систем, дэд бүтэц, дэвшилтэт үйлдвэрлэлд улам ач холбогдол өгч байгаа тул критикал минериал түүний ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал нь чуулганы бүх хэсэгт шингэсэн сэдэв байх төлөвтэй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.