ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллийн дагуу мал, мах бэлтгэл, тэжээл бэлтгэл, газар тариалангийн услалтын систем шинэчлэлтэй танилцав.
Баян-Өлгий аймгийн нийт нутгаар гантай байсны улмаас бэлчээрийн даац хүндэрсэн, өвөлжилт хүндрэх төлөв гарсан тул 800 гаруй мянган толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Аймгийн хэмжээнд өдөрт 93.7 тонн мах бэлтгэх хүчин чадалтай 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрүүд дотоодын хэрэгцээнд мах бэлтгэхээс гадна 6 улс руу хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох гэрээ хэлэлцээр хийжээ. Одоогоор 5 мах бэлтгэх үйлдвэр 381.6 тонн мах экспортод гаргасан байна. Тухайлбал, "Азат" ХХК-ийн махны үйлдвэр 1300 тн хонь, адууны мах экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийжээ. Нийт 90 ажилтантайгаар өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадлаар ажиллаж байгааг "Азат" ХХК -ийн захирал Х.Бердимурат Ажлын хэсэгт танилцуулав. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй махны экспортод тулгамдаж асуудлуудаар санал солилцсон юм.
Түүнчлэн Ажлын хэсэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Сагсай сумын 400 га талбайтай “Улаан дэлийн услалтын систем”-ийг шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс 450 м урттай бороожуулагч машин, шугам хоолойг суурилуулж дуусгасан бөгөөд усны шахуурга суурилуулахад бэлэн болжээ. Төслийг энэ багтан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж буйгаа танилцуулав.
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумдад хэрэгжүүлж байгаа. Нийт 11 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байгаа юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.