Сэтгэгдэл 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр БХЯ, ХХЕГ, ОБЕГ-т 61.6 тэрбум төгрөг олгосон ч гүйцэтгэл 3 хувь хүрэхгүй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газарт 61.6 тэрбум төгрөг олгожээ. Тус компани 2030 он гэхэд 180 сая ширхэг мод тарьж, ургуулахаар төлөвлөж, төрийн цэргийн байгууллагуудтай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, дээрх санхүүжилтийг олгосон байна.
Гэвч цэргийн байгууллагууд олон арван тэрбум төгрөгийн санхүүжилтийг үр дүнгүй зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үр гэдгийг Үндэсний аудитын газрын тайланд дурдав. Тухайлбал, Батлан хамгаалах яам 69.5 сая ширхэг мод тарихаар төлөвлөснөөс 1.9 сая ширхэг, Хил хамгаалах ерөнхий газар 30.9 сая ширхэг мод тарихаар төлөвлөснөөс 518.2 мянган ширхэг мод тарьсан гэдэг тайлан өгсөн байна. Харин Онцгой байдлын ерөнхий газар “нууц” гэх үндэслэлээр гэрээний үр дүн, санхүүжилтийг тайланг аудитын газарт гаргаж өгөхөөс татгалзжээ.
Санхүүжилтийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ас мод тариулж, арчлуулахаар Батлан хамгаалах яаманд 15.1 тэрбум, Хил хамгаалах ерөнхий газарт 18.9 тэрбум, Онцгой байдлын ерөнхий газарт 27.5 тэрбум төгрөг олгосон. Ийм хэмжээний мөнгө авсан Батлан хамгаалах яам мод тарих ажлын гүйцэтгэл ердөө 2.8 хувьтай гарсан бол Хил хамгаалах ерөнхий газрынх 1.7 хувь гэдэг хэтэрхий чамлалттай тоо үзүүлэлт гарчээ. Онцгой байдлын ерөнхий газар мөн л “нууц” үндэслэлээр гүйцэтгэлээ тас нуусан байх юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2030 он гэхэд нийт 180.2 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн ч 2025 оны байдлаар 3 сая ширхэг мод тарьсан нь ч 1.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Энэхүү гүйцэтгэлээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн санхүүжилт нэрээр гаргасан мөнгө хэрхэн шороонд булагдаж байгааг харж болно.
Тиймээс энэхүү шалгалтыг хийсэн аудитын багийн зүгээс “Олгосон санхүүжилттэй харьцуулахад мод тарих ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа нь мод тарих ажлын хэрэгжилт, тарьцын арчилгаа, ургалт, нөхөн тарилтын үр дүн, түүнчлэн санхүүжилтийн үр ашигт тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналыг сайжруулах шаардлагатай тул албан шаардлага хүргүүлэв” хэмээн тэмдэглэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.