Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 08 дугаар сарын 22-09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийлээ.
Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.
Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.