Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна.
Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан, Гадаад хэргийн сайд Жу Хён,
Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.

2. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль,
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулна.

3. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний дипломатын академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Жу Хён,
Сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан сургалт, лекц, бага хурал зэргийг зохион байгуулна. Дипломат ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцоог дэмжиж, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, дэлхийн засаглал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

4. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,
Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.

5. “Цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Чинбатын Номин, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,
Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, 5G/6G сүлжээ, цахим дэд бүтэц зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр манай улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

6. “Боловсролын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Боловсролын сайд Чой Гюу Жин,
Сурагч, сургагч багш, судлаач, боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллана. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлээр хамтарна.

7. “И Тэ Жүний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, үйл ажиллагааг эрхлэх болон сурталчлах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Эх орончид болон ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Квон У Ыл,
Солонгосын төр, нийгмийн зүтгэлтэн И Тэ Жун эмчийн гавьяаг хүндэтгэж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг цогц байдлаар хадгалж, тохижуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

8. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд Сун Ми Рё,
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.

9. “Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гван,
Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

10. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Гён,
Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

11. “Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа, Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сунван,
Сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан дамжуулалтын дэд бүтцийг өргөжүүлэх, байгаль орчинд хоргүй дулааны шийдлийг дэмжих, мэдээлэл, технологи солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

12. “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хи Ен,
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёл, урлагийн уран бүтээлчдийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжинэ. Кино үйлдвэрлэлийн менежментийн туршлага судлах, хөгжмийн салбарын байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх болон соёлын бүтээлч салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

13. “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилчдыг илгээх, хүлээн авах тухай Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакир, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн,
БНСУ-д хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран, иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

14. “Мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Орон нутгийн хөгжлийн захиргаа хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Орон нутгийн хөгжлийн газрын дарга И Сын Дун нар гарын үсэг зурав.
Гаар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, инновац, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүртгэл, зохицуулалт, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

15. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ авах, цөлжилт болон элсэн шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг зохицуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,
“Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой. Эмзэг бүс нутгийг ойжуулах, ой болон доройтсон газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажил хийнэ.
16. “Монгол Улсад ойд ээлтэй уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоо хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлнэ. БНСУ-ын Ойн ерөнхий газар нь ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологоо хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлнэ.

17. “Төв банкны үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаа, техникийн туслалцааны тухай Монгол Улсын Төв банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголбанкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банкны Ерөнхийлөгч Шин Хён Сун,
Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлагаа солилцох бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад валютын гүйлгээ, санхүүгийн зах зээл, төлбөр тооцооны тогтолцоо, макро эдийн засгийн засаг, урьдчилан тооцоолол, дүн шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал болон хиймэл оюуны ашиглалтын чиглэлээр хамтран ажиллана.

18. “Монголын байгалийн өвийг хамгаалах хамтарсан судалгааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин,
Говийн бүсийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хадгалан хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллана.

19. “Усан доорх соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин,
Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.

20. “Шинэ хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн ажлын алба, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлагийн дарга Кан Жү Ёб,
Захиргааны тогтолцоо, хот төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, усны менежмент, хотын хөдөлгөөн, тээвэр, ухаалаг хот зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

21. “Худалдаа хөгжлийн банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банк хоорондын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Экспорт-Импорт банкны ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Хван Ги Ён нар гарын үсэг зурлаа.
Банк хоорондын зээлийн шугам батлах, хоол хүнс, гоо сайхан, автомашины сэлбэг, механик, тоног төхөөрөмж, ашигт малтмал, мэдээлэл, харилцаа холбоо, эмчилгээний төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн салбарт дэмжлэг үзүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.