
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа хэрэгжүүлж буй бодлого, зарчим, хийж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж, өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн сацуу шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаагаа онцлов. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ. Үүнд устөрөгч ашиглах, эрчим хүч экспортлох зэргийн талаар тусгаад буй юм.

Сайд Б.Найдалаа “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, сэргээгдэх эх үүсвэрийн нөөцөө ашиглан цахилгаан экспортолдог болох нь Монгол Улсын эрчим хүчний бодлогын чухал зорилтуудын нэг. Цаашид бусад орны эрчим хүчний эрэлт, томоохон хөрөнгө оруулалт татах, яаж хамтдаа хөгжих вэ гэдгийг тооцох гээд хийх олон ажил бий. Эдгээрт Азийн хөгжлийн банкны үүрэг оролцоо, дэмжлэг бүхий л талаар хэрэгтэй. Азийн хөгжлийн банкны аукционы загварт үндэслээд бид таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнд Азийн хөгжлийн банктай хамтарч ажилласан туршлага ихээхэн дэмжлэг болсон. Цаашид дахин нэмж сонгон шалгаруулалт зарлахаар бид төлөвлөн ажиллаж байна.
Өдгөө эрчим хүчний салбарт маш олон ажил хийж байгаа. Цаашид ч олон ажил хийхээр төлөвлөсөн тул бүх талын дэмжлэг чухал. Иймээс Азийн хөгжлийн банктай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Хан “Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн, өдгөө хэд хэдэн төсөл дээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс шинэ эх үүсвэрүүд барьж, хөрөнгө оруулалт татахад анхаарч байгааг та бүхэн хэллээ. Нар, салхины арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортлох боломжтой гэж бид харж байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжиж ажиллахдаа баяртай байх болно” хэмээн тэмдэглэв. Уулзалтын үеэр эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тус банктай хуваалцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.
Ташрамд дурдахад, манай улс Азийн хөгжлийн банктай хамтран “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх”, “Эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх төсөл”, “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” зэрэг төслийг хамтран хэрэгжүүлж байна. Мөн “Ази, Номхон далайн бүс нутаг дахь батарей хуримтлуурын системийн хөгжлийг хурдасгах” техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж буй юм. Дээрх банкны бүс нутгийн техникийн туслалцааны энэхүү төсөл нь Камбож, Монгол, Вьетнам зэрэг оронд батарей хуримтлуурын систем нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын хувьд энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, төвийн болон бүс нутгийн цахилгаан сүлжээнд хуримтлуурын зохистой байршил, чадал, горимын шаардлагыг тодорхойлох бодлогын болон техникийн дэмжлэг болох ач холбогдолтой
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.