"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж байгаа бөгөөд Харгиа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр, хөрсний бохирдол нь иргэдийн гомдол шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан хотын дунд үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос ноолуур, мах боловруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т байршуулснаар тухайн хэсэг болох 19, 20-р хорооны бохирдсон хөрсийг нөхөн сэргээж дахин төлөвлөлт хийн, оршин суугаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Одоогийн байдлаар “Паркийн нэгжийн гэрээ” болон “Паркт газар ашиглах гэрээ”-г байгуулсан арьс шир боловсруулах 9 үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангаж байна. Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй 8 үйлдвэр нэмэлтээр бүртгэгдсэн.
Мөн төслийн хүрээнд үндсэн дэд бүтэц болох "24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж" төслийн хүрээнд БОННҮ-ний тайланг БОУАӨЯ-ны хурлаар хэлэлцүүлж, ДЦС-ын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл хүсэх баримт бичгийн бүрдлийг хангаж, инженер-геологийн судалгааг хийлгээд байна. ДЦС-ын үндсэн тоног төхөөрөмжүүдийн техникийн тодорхойлолтыг эцэслэж, үйлдвэрлэл эхлэх бэлтгэл ажлыг хангасан. ДЦС-ын барилгын хамгаалалтын түр хашаа, ажилчдын түр сууцыг барьж эхлээд байна. Эрчим хүчний яамнаас шаардлагатай техникийн нөхцөлүүдийг авч, Эрчим хүчний зохицуулах хороонд "Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл" авахаар материалаа илгээсэн. Зураг төслийг батлуулах, эрчим хүчний барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой бусад зөвшөөрлүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас авахаар бэлтгэлийг хангаж байна.
Төсөл хэрэгжсэнээр дагуул хотын эхлэл тавигдах бөгөөд эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг төслийн талбайд нүүлгэн шилжүүлнэ.
Нийт 5,600 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгохоос гадна тойрог эдийн засгийг дэмжих замаар малаас гарч байгаа түүхий эдийг хаягдалгүй боловсруулж, импортыг орлож, экспортод гаргахаар төлөвлөгдөөд байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.