
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь зүйлийг үндэслэн эрчим хүчний салбарын стратеги, бодлого, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх, тархмал эх үүсвэрийн хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилго бүхий Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа.
Энэхүү зөвлөл нь эрчим хүчний салбарын богино, дунд, урт хугацааны стратеги, бодлогын баримт бичгийн төсөлд дүн шинжилгээ хийн, олон улсын чиг хандлага, дотоодын хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, зөвлөмж боловсруулж, хүргүүлэх, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, тархмал эх үүсвэрийн хөгжлийг дэмжих чиглэлээр техник, эдийн засаг, байгаль орчны болон нийгмийн үр нөлөөг харгалзан мэргэжлийн зөвлөгөө, санал боловсруулах чиг үүрэгтэй ажиллах юм.
Мөн томоохон төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар дүн шинжилгээ хийж, үр ашиг, санхүүжилт, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дүгнэлт гарган, сайжруулах санал боловсруулна. Түүнчлэн эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол, доголдлыг бууруулах чиглэлээр бодлогын болон техникийн зөвлөмж боловсруулах, салбарын сайдын хүсэлтээр тодорхой төсөл, бодлогын шийдвэртэй холбоотой асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт, зөвлөгөө өгнө.
Зөвлөлийн анхдугаар хурлын үеэр сайд Б.Найдалаа салбарын өндөр мэдлэг, арвин туршлагатай төлөөллүүд зөвлөлд ажиллахаар болсонд талархал илэрхийлж, идэвхтэй оролцон, манлайлахыг хүсээд, баримтлах бодлого, стратегиа танилцуулсан юм. Тэрбээр “Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 18 мянга орчим хүний хөдөлмөр, салбарын үнэ цэнийг өсгөх ёстой. Салбарт маань сайн зүйл олон бий ч ужиг асуудлуудыг шийдвэрлэхэд та бүхний оролцоо чухал” хэмээн тодотгов.
Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал, чадлын дутагдал, дэд бүтэц шинэчлэгдээгүй, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмж, хоцрогдсон технологи, засаглал, үр ашиг, бүтээмж муу, богино хугацаат хуримтлагдсан өр төлбөр, хүний нөөц дутагдалтай, тарифын бодлого уян хатан биш зэргийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа дурдлаа. Мөн “Эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэрэглэгч төвтэй, найдвартай, хүртээмжтэй тогтолцоонд шилжүүлэх зорилгоор тариф, шинэ технологи, хөрөнгө оруулалт, засаглалын цогц реформ хэрэгжүүлнэ” гэв.
Эл зөвлөлийн үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, шинжээчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвлөлийн даргаар Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх Л.Жамбаа ажиллах юм. Зөвлөлийн гишүүдэд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Эрчим хүчний сургууль, Цөмийн энергийн комиссын Цацрагийн хяналтын зөвлөл, МУИС-ийн Инженер технологийн сургууль, МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөл, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Монголын турбинчдийн холбоо”, “Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо”, “Монголын устөрөгчийн холбоо”, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”, “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо”, “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”, “Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн холбоо” ТББ болон эрчим хүчний зөвлөх инженерүүдийн төлөөлөл багтаж байна. Тэд анхны хурлаараа Монгол Улсын эрчим хүчний ногоон шилжилтийн стратегийн төслийг хэлэлцлээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.