Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасны дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаас санал авахаар ирүүлсэн “Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл” болон түүнд дагалдуулан боловсруулсан “Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд холбогдох саналыг хүргүүллээ.
Тодруулбал, санал авахаар ирүүлсэн хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.3.2-дахь заалтаар хуулийн төслийн үйлчлэх харилцаанд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хамаарахгүй” байхаар тусгаснаар шүүх эрх мэдлийн салбарт хамаарах аливаа бусад өгөгдлийн эргэлттэй холбоотой харилцааг тус хуулиар зохицуулахаар боловсруулжээ.
Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан үндэслэл, журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй мэдээллийг шүүхээс олон нийтэд хүргэдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан ямар мэдээллийг өгөгдлийн нээлттэй санд нийлүүлэх, ямар мэдээлэл нь хаалттай байхыг хуулиар тусгайлан зохицуулдаг тул иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь Өгөгдлийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулах боломжгүй юм.
Иймд аливаа хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ уг хуулийн үйлчлэлээс хасагдах шаардлагатай гэж үзсэн буюу ингэснээр шүүхийн дата, мэдээлэл бүхэлдээ нууцлагдахгүй, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Статистикийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн үйл ажиллагаанд холбогдох статистикийн болон бусад нээлттэй мэдээллийг хуульд заасан журмын дагуу улирал тутамд нэгтгэн гаргаж, олон нийтэд мэдээлэх боломжтой талаар санал гаргав.
Түүнчлэн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтын агуулгыг Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн уялдуулах, мэдээллийн технологийн шинжтэй зарим зохицуулалтыг боловсронгуй болгох талаарх саналыг тус тус нэгтгэн хүргүүллээ. Мөн Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөлд дагалдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан саналыг захиргааны байгууллагын хувьд гомдол шийдвэрлэх механизмын давхардал үүсгэж болзошгүй үндэслэлээр хасах санал гаргасан болно.
Улмаар анхдагч хуулийн төсөлд өгч буй дээрх саналтай уялдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргав. Үүнд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд шүүхийн цахим талбар, төрөлжсөн цахим мэдээллийн сантай холбоотой зохицуулалт хуульчлагдсан бөгөөд Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д мэдээллийн технологийн дундын төв байгуулах, шүүхийн мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийг хангах зорилтыг дэвшүүлсэн.
Тус зорилтыг хэрэгжүүлэх, шүүхийн цахимжилтын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд мэргэжлийн төв ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн тул системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг сайжруулах, хүний нөөц, ур чадварыг дээшлүүлэх, өгөгдлийн сангийн дэд бүтэц, өгөгдлийн хадгалалт, аюулгүй байдлыг бататгах, байгууллагын бүтэц, чиг үүргийн уялдааг хангах, эдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөв, санхүүжилтийг анхаарах талаар санал хүргүүлэв.
Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.