Сэтгэгдэл 0
Иргэдээс харамласан Оюутолгойн ногдол ашгийн ард төсөв идэх төлөвлөгөө бий

Засгийн газрын сайд нар Монгол Улс Баялгийн сангийн хуультай гэдгийг өнөөдөр гэнэт санав. Уг нь тэд Баялгийн санг өөрсдөө дур мэдэн идсээр ирсэн. Одоо ч идсээр байгаа. Бүр байхгүй мөнгийг ирээдүйд хувааж идэх төлөвлөгөө гаргачихсан. Жишээ нь, Оюутолгойгоос авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн үрж, хувааж идэх төлөвлөгөө хэдийнэ бэлэн болсон. Засгийн газар 2027 оны төсвийн төсөлдөө Оюутолгойн ногдол ашгаас орж ирэх 3 их наяд төгрөгийг бүхэлд нь байшин барилга, зам, цаас болгож, УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилахаар тусгасан байгаа. Сангийн сайд З.Мэндсайхан үүнийг өөрөөр тайлбарлахдаа, “Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хийж, хоёр их наяд төгрөгөөр нь Монгол Улсын эдийн засгийн суурь хөгжлийг тэлэх асуудлаа шийдье гэж байгаа. Эдийн засгаа солонгоруулах, тулгуур салбаруудыг бий болгоё гэхэд хамгийн том асуудал үүсэж байгаа нь эрчим хүч байна. Иймд анх удаа авах ногдол ашгаараа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя гэх саналыг Засгийн газар оруулж байгаа” гэв.
Авлигачдын идэх уусан мөнгийг Оюутолгойн ногдол ашгаа нөхнө
Түүний тайлбараас Оюутолгойн ногдол ашгаас эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт гэдэг хэсэг анхаарал татна. Үүнд, МАН-ын авлигачдын идэж уусан “10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төсөл”-ийг үргэлжлүүлэх төлөвлөгөө багтсан. Энэхүү дулааны станцуудын ажил Солонгосын Эксим банкны 148.7 сая ам.доллар буюу 550 тэрбум төгрөгийн зээлээр баригдах хугацаандаа гацаанд орсон. Энэ төслийн мөнгийг идсэн Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дулааны IV цахилгаан станц зэрэг удирдах албан тушаал хашиж байсан Н.Тавинбэх өнөө хэр нь шүүхээр шийдэгдэлгүй үргэжилсээр байгаа. Мөн цаасан дээр ч байхгүй “Дулааны VI цахилгаан төсөл” зэрэг 1 орчим их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа.
Үлдсэн 1 их наяд төгрөгийг нь хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүдэд тарааж, хөдөө орон нутагт кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулна. Орон даяар 100 ногоон сургууль байгуулна. Хилийн боомтуудыг сайжруулна. УИХ-д нэр нөлөөтэй сайд, гишүүдийн тойрогт зам барина гэх мэт төслүүдэд үрэн тарна хийх дэлгэрэнгүй төлөвлөгөө 2027 оны төсвийн төсөлд бий.
Tавантолгойгоос ногдол ашгаа бэлнээр авдаг монголчууд Оюутолгойгоос ногдол ашгаа хүртэх эрхгүй
Үндсэндээ Засгийн газар Оюутолгойн ордоос ногдол ашиг авах нэрээр ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгох гэж байна. Үүнийг юу батлах вэ гэвэл, Tавантолгойгоос ногдол ашгаа бэлнээр авдаг монголчууд Оюутолгойгоос ногдол ашгаа хүртэх эрхгүй гэдэг агуулга бүхий Сангийн сайд З.Мэндсайханы тайлбар батална. Дээр дурдсан сайхан нэртэй төслүүд нэрийг барьж иргэдийн хүртэх ёстой ногдол ашгийг төр дэх эрх мэдэлтнүүд хувааж хүртэнэ гэсэн үг. Хуулийн талаасаа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Баялгийн сангийн хуулиар зохицуулдаггүй байж, “Оюутолгой” ХХК-иас орж ирэх мөнгөнд ялгамжтай хандах ёсгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ч хөгжлийг төсөл, хөтөлбөрүүд дэвшүүлж, ногдол ашиг тараагаагүйн улмаас олон их наяд төгрөгийн нүүрсний хулгайн хэрэг гарсан түүхтэй. Үүнээс сэргийлж, хараат бус шинжээчдийн зүгээс “Оюутолгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөр нэрээр үрэн таран хийх бус ирээдүйн эрсдэл, үр хойчийнхоо төлөө хадгалах нь зөв” хэмээн анхааруулсаар байгаа. Тухайлбал, Нээлттэй нийгэм форумын хараат бус эдийн засагчид “2027 төсвийн тооцооноос Оюутолгойн төслөөс авахаар тооцсон орлогыг хасаж, зарлагыг үүнд нийцүүлэн засах. Улсын төсвийн ногдол ашгийн орлогоос 2 их наяд төгрөгийг хасаж, Оюутолгойн төслийн ногдол ашгаас санхүүжүүлэх 52 төслөөс ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн, нэн шаардлагатайг нь багтааж, үлдсэнийг хасах. Тэнцвэржүүлсэн тэнцэл, суурь тэнцэл, урсгал зарлагын харьцаа болон Үндэсний баялгийн сангийн төсвийн хуулийн Хуримтлалын сангийн орлогыг дахин тооцох нь зүйтэй” гэдэг дүгнэлт гаргасан.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.