Сэтгэгдэл 0

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын Хангай бүсийн хуралд оролцох далимаараа авлига, албан тушаалын хэрэгтнүүдээс болж гацаанд ороод буй Өвөрхангай аймгийн дулааны станц барилгын ажлыг Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн мөнгөөр үргэлжлүүлнэ гэж төслийн талбайгаас мэдэгджээ.
Тэрбээр “Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн” гэж мэдэгдсэн байна. Энэхүү дулааны станцын ажил Солонгосын Эксим банкны 148.7 сая ам.доллар буюу 550 тэрбум төгрөгийн зээлээр баригдах хугацаандаа гацаанд орсон “10 аймгийн төвийн дулааны цахилгаан станц барих төсөл”-ийн нэг нь байсан.
Гэтэл Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дулааны IV цахилгаан станц зэрэг удирдах албан тушаал хашиж байсан Н.Тавинбэх, өөрийн зөвлөх П.Товуудоржийн компаниар дамжуулан энэ төслөөс хамгийн багадаа 10 орчим тэрбум төгрөг идсэн нь тогтоогдож, тэдний хэргийг энэ өдрүүдэд шүүхээр хэлэлцэж байгаа юм.
АТГ-ын шалгалтаар Н.Тавинбэх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган, 2026 оны нэгдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг 2 сар орчмын хугацаанд цагдан хориод гадуур шалгаж эхэлсэн байдаг. Эрчим хүчний яамнаас 2019 онд төслийн зөвлөхөөр БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр, нийт 4 компанийг шалгаруулсан. Улмаар 2019 онд долдугаар сарын 31-нд 9 сая гаруй сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээ гэрээ гурван жилийн дараа 2022 онд дуусан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Эрчим хүчний яамнаас зөвлөх үйлчилгээний гэрээг сунгасан компани Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон байдаг.
Энэ хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэж байгаа ч прокурорын саналаар хойшлуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн дулааны станцын төсөл санхүүжилтгүйн улмаас гацахад хүргэсэн албан тушаалтнуудын хэргийг шүүхээс эцэслэж амжаагүй, улс буруутай этгээдүүдээс мөнгө олж аваагүй байгаа энэ үед Ерөнхий сайдын зүгээс авлигачдын алдааг Оюутолгойн ногдол ашгаар залруулна гэдэг агуулгатай хариуцлагагүй мэдэгдэл хийжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.