Сэтгэгдэл 0
Хөхний сүү нь антибиотик тэсвэржилтээс сэргийлэхэд тустай болох нь тогтоогджээ

Хөхний сүү нь нялх хүүхдэд эрүүл мэндийн шинэ ач тус, тухайлбал гэдэс доторх антибиотик тэсвэрлэх чадвартай генийн тархалтыг хязгаарлахад туслах нөлөө үзүүлдэг талаар Испанийн Үндэсний судалгааны зөвлөл (CSIC)-ийн удирдлага дор явуулсан судалгаагаар баталжээ. Тус судалгаагаар хөхний сүүний зарим бүрэлдэхүүн хэсэг нь амьдралын эхний саруудад хүүхдийн гэдэс дотор суурьшдаг бактериудад хэрхэн нөлөөлдгийг судалсан байна.
"Cell Reports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаагаар зөвхөн хөхөөр хооллох нь нялх хүүхдийн гэдсэнд нянгийн эсрэг тэсвэртэй генийн элбэгшил, олон янз байдал багатай холбоотой болохыг тогтоожээ. "Хөхөөр хооллохыг дэмжих нь микробиотын хөгжлийн чухал үе шатанд гэдэсний бактерийн бүлгэмдэлд байдаг нянгийн эсрэг тэсвэртэй генийг бууруулахад үр дүнтэй" гэж Агрохими, Хүнсний Технологийн Хүрээлэнгийн (IATA) CSIC-ийн судлаач М. Кармен Колладо тайлбарласан байна.
Хөхний сүү антибиотикийн эсэргүүцэлд хэрхэн нөлөөлдөг вэ
Хөхний сүүнд байгалийн жамаар үүсдэг, нялх хүүхэд шууд шингэдэггүй, харин гэдэсний зарим ашигтай бактерийн хоол болж, тэнцвэртэй микробиотыг хадгалахад тусалдаг молекулууд болох хүний сүүний олигосахаридууд байдаг аж. "HMO (хөхний сүүний олигосахарид)-ууд нь гэдэсний бичил биетний бүрдэлд экологийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр нь өөрсдийг нь ашиглах чадвартай бичил биетний өсөлтийг дэмжихийн зэрэгцээ тэсвэрлэх чадварын тодорхой генүүдийг агуулсан бактерийн тархалтыг хязгаарлаж болзошгүй" талаар Колладо ярьжээ. Эдгээр дүгнэлтэд хүрэхийн тулд судлаачид Валенсиа хотын нэг сартай 57 нярайн ялгадсын дээж болон тэдний ээжүүдийн сүүний дээжийг шинжилсэн байна. Хожим нь уг үр дүнг Нидерланд улсын хөхөөр хооллодог өөр 199 нярайн мэдээлэлд үндэслэн баталгаажуулсан байна.
Төрөлтийн хэлбэр ч мөн нөлөөлдөг
Тус судалгаагаар төрөлтийн хэлбэр болон хооллолтын арга нь гэдэсний "резистом" буюу гэдэсний бактерид агуулагдах нянгийн эсрэг үйлчилгээтэй эмэнд тэсвэртэй байдлыг үүсгэдэг генүүдийн цогц бүрдэлд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг тэмдэглэжээ. Судлаачид кесарево хагалгаагаар болон төрөх замаар төрсөн нярайн эдгээр генийн олон янз байдлын хооронд ялгаа байгааг илрүүлсэн бол зөвхөн хөхөөр хооллох нь тэсвэрлэх чадварын генүүдийн тоо хэмжээ болон олон янз байдал бага байхтай холбоотой болохыг тогтоосон байна.
"Амьдралын эхний сарууд бол гэдэсний бичил биетний бүрдэл тогтож буй чухал үе бөгөөд энэ үед төрөлтийн хэлбэр, хооллолт зэрэг хүрээлэн буй орчны янз бүрийн хүчин зүйлс урт хугацааны ул мөр үлдээх боломжтой байдаг" талаар IATA-CSIC- Сан-Диего дахь Калифорнийн их сургуульд докторын дараах судалгаа хийж буй судлаач Анна Самарра тайлбарласан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.