Сэтгэгдэл 0

УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Засгийн газраас хуулийн төслөө өргөн барихдаа Төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан юм. Тухайн үед Ерөнхий сайд цалин тэтгэвэр нэмэх, Оюутолгойн ашгийг иргэн бүрд хүртээх, эрчим хүчний асуудлыг шийдэх, Эрдэнэс Тавантолгойн хувьцааг амь оруулах, ипотекийг идэвхжүүлэх чиглэлээр ажиллана гэдэг ерөнхий мэдээлэл өгч байлаа. Ер нь эдгээр асуудал бол Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жил тасралтгүй ярьсаар ирсэн, цаашдаа ярих ярвигтай зүйлс.
Хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй жагсаалт гэсэн үг. Ямар ажлыг яаж хийх календарчилсан төлөвлөгөө алга. Засгийн газар алхам тутамдаа хэмнэлт хийнэ гэж ярьж буй ч өргөн барьсан төсвийн тодотгол нь төсвөө тэлэхээр орж ирсэн аж. Энд ганцхан гаргалгаа байна. Тэр бол Ерөнхий сайд Н.Учрал бүх хүнд таалагдахыг мэрийжээ. Төрийн албаны цалин, хөгшдийн тэтгэвэр бага байна гэж үү, аан тэгвэл нэмчихье ээ. Уул уурхайн орлого ард иргэдэд наалдахгүй байна гэнэ, наалдуулна аа. Татвар өндөр байгаа бололтой, багасчихна гэсэн л ерөнхий юм болжээ. Тэгвэл нэг талаараа халамжилна, нөгөө талаараа танаж, хасна гэж байгаа чинь ямар бодлого юм бэ. Хэрэгжих үү. Эсвэл зүгээр өнөөдөр сонсохыг хүссэн дууг чинь дуулья. Хожим нь яахыг мэдэх юм алга гэж байгаа хэрэг үү.
Үүнийг нотлох гэсэн шиг өнөөг хүртэл төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамнаас ам нээгээгүй байна. Зүй нь Сангийн сайд, эдийн засагч, мэргэжилтнүүд төсөв тойроод төлөвлөлтөө хэвлэлээр яриад сууж байх учиртай. Тэгвэл илүү ажил хэрэгч болох байв. Төрийн албан хаагчдаа хамгаалдаг, тэтгэврийн хөгшдөө боддог юм байж. Гэтэл хувийн хэвшилд давалгаалж буй дампуурлыг яах вэ. Ажилгүйдлийг яах гэж байна даа. Инфляц 13 хувьд хүрчихсэн өнөөгийн нөхцөлд Ерөнхий сайдын хуурай амалсан энэ жагсаалт гал дээр тос нэмнэ гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.
Оюутолгойн асуудал чинь Арбитр хүртэл явдаг, ипотекийн зээл чинь арилжааны банкнуудын аясыг хардаг гэдгийг иргэд өнөөдөр эдийн засаг гадарладаг байх ч албагүй мэддэг болчихсон. Ийм үед дээрх тодотгол өнөөдөр байгаа 13 хувийн инфляцыг л улам хөөргөдөх биш үү. Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Учралын “хүслийн жагсаалт” УИХ-ын чуулганд ороод ирэв. Цаашид хэрхэхийг харах л үлдэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.