
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”, “Монгол-Солонгосын политехник коллеж”-д ажиллалаа.
Тэрбээр улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Мөн оюутнуудыг өндөр ур чадвар эзэмшин, үндэсний хэмжээний мега төсөл, хөтөлбөр, түүний дотор “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын 4-р аян” зэрэгт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүслээ.
Мөн энэ жил “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ийг ивээл дороо зохион байгуулахаар төлөвлөснөө хэллээ.
“ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ” МОРИН ХУУР УРЛААЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
60 жилийн түүхтэй “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.
Үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай.
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нээсэн байна.
250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургадаг юм байна.



Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.