Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 цаг 10 минутад эхэллээ.
Нэгдсэн хуралдааны эхэнд "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Тус төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй Эдийн засгийн байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 85.3 хувь нь дэмжсэнгүй. Иймд дээрх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн бол бусад Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав. Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Төсвийн байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг өөрчлөн найруулж, Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг авч, Улсын Их Хуралд тайлагнах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хууль, тогтоолын төсөлд нэмж тусган агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хууль, тогтоолын төслүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Д.Үүрийнтуяа гишүүн танилцууллаа.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, А.Ганбаатар, Б.Жаргалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авав.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг буюу “Энэ хуулийн 5.1.13-т заасан төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран техник, эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийн шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг хийж болно” гэсэн зохицуулалтын үр дагаврын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс “Нийтийн зориулалттай төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний төсөл гэж хоёр бүлэгт хуваадаг. Нийтийн зориулалттай дэд бүтцийн бүх төсөлд ТЭЗҮ шаарддаг зохицуулалт хэвээрээ мөрдөгдөнө. Харин төрийн үйлчилгээний буюу түншлэлээр хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардах нь хувийн хэвшлийн түншлэгчдэд дарамт үүсгэх, хугацаа удах нөхцөл болж байгаа учраас бусад шинжилгээг хийснээр ТЭЗҮ шаардахгүй байхаар, зарим төрийн үйлчилгээний төслийг түншлэлээр хэрэгжүүлж болохоор зохицуулах нь оновчтой гэж үзсэн. Төрийн үйлчилгээний төсөл нь хамрах хүрээ, хэмжээ, онцлогоосоо хамаараад зайлшгүй ТЭЗҮ-тэй байх шаардлагатай тохиолдол зохих ёсны шаардлагыг хангуулах болно” гэдэг хариулт өгөв. Ирэх оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд татварын дарамтыг бууруулах бодлогыг хүлээж байсан ч шийдэл тусгагдаагүй гэдгийг тодотгоод Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж байсан.
Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооноос “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 86 гишүүний 74.4 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 75.6 хувь нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 64 хувь нь “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлахыг, 66.3 хувь нь “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим аргa хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлахыг тус тус дэмжсэн.
“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн байнгын хорооны холбогдох хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн дэмжсэн байна. Тогтоолын төсөлд Засгийн газарт хэд хэдэн асуудлаар зөвшөөрөл, үүрэг, чиглэл өгөхөөр тусгажээ.
Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хууль, бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна.
Төрийн албаны тогтолцоог шинэчлэн сайжруулж хүний нөөцийн бодит үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар хооронд үүссэн цалин хөлсний тэгш бус байдлыг арилгах үүднээс төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн, түүнтэй уялдуулан төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох, эрх зүйн орчныг сайжруулахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан хэмээн Д.Үүрийнтуяа гишүүн танилцууллаа.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгийг үр ашигтай ашиглах, төслүүдийн хэрэгжилтийн сахилга, хяналтыг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дуусаагүй, зогссон барилга байгууламж, төслүүдэд дүн шинжилгээ хийх, холбогдох арга хэмжээ авахыг мөн Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийг дэмжих, боловсролын орчныг сайжруулж, сургалтын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт сурагчдад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг судлан холбогдох эрх зүйн орчныг сайжруулж, 2027 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдтэй харьцуулж, Үндэсний аудитын газраар аудитын дүгнэлт гаргуулж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт даалгахаар энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болохыг Д.Үүрийнтуяа гишүүн танилцуулсан юм.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Жаргалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Боловсролын сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяагаас хариулт, тайлбар авав. Гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэн шийдвэрлэхдээ боловсролын салбар дахь багшаас бусад ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулсан байгааг шүүмжилж, нөхцөл байдал, гарах үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх гарцын талаар байр сууриа илэрхийлж байсан. Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний олонх буюу 63.3 хувь нь дэмжсэнгүй.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.