
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос байгуулагдсан “Хилийн чанад дахь монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн чиглэл болгосны дагуу техникийн шийдэл, туршлага судлах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Сонгуулийн автоматжуулсан систем үйлдвэрлэгч “Доминион вөүтинг системс” компанийн олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюбай компанийнхаа олон улсад нэвтрүүлсэн туршлага, шийдэл, шинэ төхөөрөмжийн талаар УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг болон Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын удирдлага, холбогдох албан хаагчдад танилцуулга хийсэн юм.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, “Үндэсний Дата төв” УТҮГ-ын захирал М.Баттулга нарын төлөөлөл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон холбогдох газрын албан хаагчид оролцов.
Гадаад улсад байгаа болон санал авах өдөр байнга оршин суугаа газраасаа өөр газарт байгаа сонгогчийн саналыг цахимаар авах, шуудангаар авах олон улсын туршлага, техникийн шийдэл, боломжийн талаар уг уулзалтаар зөвлөлдлөө гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.