"Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь" сэдэвт уулзалт эхэллээ

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж буй "Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь" сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан нь нүүдлийн мал аж ахуй, байгальтайгаа зохицон оршиж ирсэн өв уламжлал, соёлыг дэлхий дахинд хүндэтгэн таниулж буй онцгой санаачилга юм.
Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газар ашиглалтын зохисгүй менежмент зэрэг сорилтууд нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж малчдын оршин тогтнох чадварт үзүүлж буй сөрөг нөлөө нь нэг улс орон, бүс нутаг төдийгүй даян дэлхийн тулгамдсан асуудал болоод байна.
Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцэхээр зохион байгуулж буй олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэлэв. Тэрбээр "2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлах манай улсын Засгийн газрын санаачилгыг дэлхийн 102 улс орон дэмжсэнээс гадна 400 гаруй төрийн бус байгууллага дэмжин, хамтран ажиллаж байгаагийн нэг нь өнөөгийн зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулж буй Олон улсын газрын эвсэл юм.
Тиймээс олон улсын газрын эвсэл болон түүний гишүүн байгууллагуудад талархал илэрхийлье. Та бүхний хэрэгжүүлж буй арга хэмжээ нь дэлхийн хуурай газрын 50 хувьд тархан нутаглаж байгаа 500 гаруй сая нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, сайн байдлыг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байна" гэлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг, экспортын орлогын 5 хувийг тус тус эзэлдэг, улсын нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг улсын эдийн засаг, нийгэмд уул уурхайн дараагаар орох чухал ач холбогдолтой салбар хэвээр байна.
Тиймээс улсын тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээмжтэй, ашигтай үйл ажиллагааг дэмжин, үндэсний тоо аюулгүй байдлыг хангаж гадаад экспортын орлогыг нэмэгдүүлдэг тэргүүлэх ач холбогдолтой, улсын хөгжлийн бодлогын төвд орших салбар гэдгийг сайд Ц.Идэрбат онцоллоо.
Монгол Улсын мал аж ахуйн урт хугацааны хөгжил нь уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурины орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдгээрийн нөөцөд суурилан хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа.
Мал аж ахуйн салбарыг богино хугацаандаа тооноос чанарт шилжүүлэх, үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээг төлөвлөж байгаа бол дунд хугацаандаа бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн үйлчилгээг төгөлдөршүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж урт хугацааны бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалсан, тогтвортой үйлдвэрлэл эрхэлж, өсөлтийг хангах чиглэлийн арга хэмжээ, үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгааг салбарын сайд мөн дурдлаа.
НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Яап ван Хиердин, Олон улсын газрын эвслийн ерөнхий захирал Марси Вигода нар зөвлөлдөх уулзалтын нээлтэд оролцон үг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэхүү олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалтын нээлтэд оролцлоо.
2026 оны 06 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас гадна Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Африк, Баруун Африк, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутгуудын 16 орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, малчдын төлөөлөл оролцож байна.
Энэ өдрүүдэд гурван тивийн бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хуран чуулж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, хүртээмжтэй, олон талт оролцоотой тогтвортой бэлчээрийн менежментийн талаар сайн туршлагаа хуваалцан, малчдыг бэлчээрийн гол хамгаалагчид, хүнсний тогтолцооны чухал оролцогчид бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон биологийн олон янз байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байгааг нотлох, бүс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцоно.
Энэ хүрээнд Төв аймгийн Борнуур суманд монгол ахуй, нүүдлийн өв соёлыг олон улсад сурталчилан таниулах төрөл бүрийн үйл ажиллагаа мөн болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.