Гаалийн байгууллага болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн уулзалтын үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайванаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Үүнд гаалийн байгуулллага ямар чиг үүрэгтэй оролцож байна вэ?
-Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2021 оны тавдугаар сард батлагдсан Импортоор оруулж буй болон дотоодод борлуулсан ХАА-н зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталсан. Энэ хуулийн хүрээнд 2021 онд 187 ААН, иргэн хамрагдаж 28.5 сая ам.долларын үнэ бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан. Харин 2022 онд 189 ААН, иргэн 44.1 сая ам.долларын үнэ бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн.
-Манай улс хүнсний бүтээгдэхүүнээ 50 хувийг импортолж байна вэ?
-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадны орнуудаас авч байна. Манай улс 2021 онд 960 сая ам.доллар, 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн импортолсон байдаг. Үүнд:
2022 оны байдлаар:
- 71 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн
- 66 сая ам.долларын мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, шувууны өндөг, 20 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн
- 47 сая ам.долларын жимс жимсгэнэ
- 60 сая ам.долларын амьтан болон ургамлын гаралтай тос тосон бүтээгдэхүүн
- 20 сая ам.долларын гурилан бүтээгдэхүүн
- 180 сая ам.долларын үнийн дүн бүхий төрөл бүрийн бэлдмэл зэргийг импортолсон байгаа юм. Энэхүү статистикаас харахад хүнсний барааны импорт буураагүй, тогтмолжсон бөгөөд жилд дунджаар 1 тэрбум долларын хүнсний бүтэгдэхүүн импортолж байна.
-Хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ямар зохицуулалтаар ногдуулах вэ?
-2023 онд хөдөө аж ахуйн зориулалттай хүнсний бараа бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг импортлоход хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт үйлчилж байна. Импортлогч, бизнес эрхлэгчид энэ жил татвараа төлж оруулаад, ирэх оны эхний улиралд буцаан авах зохицуулалттай.
-Гаалийн байгууллага 2023 онд улсын төсөвт 5.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд эхэлбэл төсвийн орлого бүрдэх үү?
-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жилдээ нийт татвартай импортын 6-10 хувьд хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хувь хэмжээ ихсэх нь салбарыг дэмжих сайн талтай боловч төсвийн орлого бүрдүүлэхэд сөрөг нөлөөтэй. Гаалийн байгууллага 2023 оны эхний улиралд төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн. Дөрөвдүгээр сарын хувьд орлогын биелэлт 96 орчим хувьтай байна. Энэ хувь хэмжээгээ барьж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь бидний үүрэг.
-Бүтээгдэхүүн импортлох, гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой ААН-үүдэд анхаарах зүйл юу вэ?
-Гаалийн бүрдүүлэлтийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгээгүйгээс бизнес эрхлэгчдийн хүлээж болох эрсдэлийг бууруулах зорилгоор гааль болон бизнес эрхлэгчдийн хоёр дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Бараа импортлогчид хууль дүрэм журмаа мэддэг, Гаалийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлдэг байх нь чухал юм. Гаалийн дагалдах бичиг баримтуудыг үнэн зөв бөглөхөөс гадна бүрдүүлэлт дүтуугаас цаг хугацаа алдах эрсдэл гардгийг энэ үеэр зөвлөмж, мэдээлэл болгон өгч байна. Санаатай болон мэдээлэлгүйгээс гарч буй энэ мэт эрсдэлийг бууруулахын тулд гааль бизнесийн түншлэлийн хүрээнд ялангуяа хүнсний бүтээгдэхүүн импортлогч нарт эрсдэлийг бууруулах мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын тухайд татварын тарифаас гадна бүтээгдэхүүний чанар стандарт, хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлын асуудал яригдана. Хорио цээрийн хяналтын чиг үүргийг Гаалийн байгууллага хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой эрүүл ахуй, чанар стандарт, тохирлын хяналтыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид бараа импортлохдоо ямар шаардлага тавигдах вэ? гэдэг асуумжийг заавал бөглөх шаардлагатай.
-Цар тахлын хорио цээрийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүнд хэдий хэмжээний чөлөөлөлт үзүүлсэн бэ?
-Зөвхөн хүнсний бүтээгдэхүүний импортод 48.8 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. Энгийн үед гаалийн татвараас чөлөөлөх хэмжээ нийт импортын 6-10 хувь байдаг бөгөөд үүнээс нэмэгдсэн тохиолдолд төсвийн орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. ГЕГ 2022 онд 4.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 2023 онд 5.3 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Импортын бараа бүтээгдэхүүн нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах байсан ч иргэн татвараа төлнө. Дараа оны эхний улиралд буцаан авах зохицуулалттай. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ хөнгөлөлтөд хамрагдах болон хамрагдахгүй бараа бүтээгдэхүүнийг тус тусад нь мэдүүлэх шаардлагатай. Дараа жил буцаан олголт хийхэд хамтад нь гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд тус тусад нь салган бүрдүүлэлт хийх шаардлага гарч, чирэгдэл үүснэ.