Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөл / ICURN /-ийн ээлжит хурал энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж зөвлөлийн гишүүн орнуудын зохицуулалтын байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны Aжлын албаны дарга Т.Жамбаажамц, Хадгаламж, зээлийн хоршооны газрын референт Ц.Доржханд нар оролцож өөрийн орны хадгаламж, зээлийн хоршооны салбарын өнөөгийн нөхцөл байдал, салбарын хуулийн шинэчлэлт, түүний явцын талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Энэ удаагийн хурлаар хадгаламж, зээлийн хоршоонд хийх хяналт шалгалт, цаг уурын өөрчлөлтөөс үүсч буй санхүүгийн эрсдэл, кибер аюулгүй байдал, сайн засаглал, хадгаламжийн даатгал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцохын зэрэгцээ үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэв. Улс орнуудын зохицуулагч байгууллагууд хадгаламж, зээлийн хоршоо, түүний гишүүдийг хамгаалах гол арга хэрэгсэл нь эрчимтэй хяналт шалгалт, зохицуулалтаас гадна хадгаламжийн даатгал болохыг хурлаар онцоллоо. Ялангуяа дайн бүхий байдалд буй Украины парламент Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг шинэчлэн баталж, хоршооны гишүүдийн хадгаламжийг даатгалд хамруулах, хоршоог төлбөрийн системд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон улсын чиг хандлагад нийцсэн дэвшилтэт өөрчлөлтүүдийг хурал эхлэхээс гурван өдрийн өмнө оруулсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татсан байна.
Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зохицуулагчдын зөвлөл нь бага хэмжээний хадгаламж татдаг олон тооны хоршоодыг хянахад хянан шалгагчдад учирдаг нийтлэг бэрхшээлийг давахад туслах, хянан шалгагч хооронд мэдээлэл солилцох, сайн туршлага судлах боломжоор хангах, сургалтын болон мэдээллийн мэргэжлийн холбоо болох зорилгоор үүссэн. Санхүүгийн зохицуулах хороо 2017 онд зөвлөлийн гишүүн болж, гишүүн орнуудыг хамруулсан арга хэмжээнд тогтмол хамрагдаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.