Пүрэв, 9 сар 28, 2023

Д.Мөнхбаатар: Тоо бодвол бид хожсон …

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар өнөөдөр холбооныхоо албан ёсны пэйж хуудсанд өнгөрсөн жил гаруйн хугацаанд багш нарын цалин хэрхэн нэмэгдсэн талаар тайлбарыг оруулсан байна. Ингээд түүний оруулсан тайлбарыг хүргэе.

(Та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс ТҮБД-3 шатлал буюу багшийн цалингийн жишээн дээр авч үзлээ)

2022 оны 3 дугаар сард  Засгийн газар 107 дугаар тогтоолыг гаргаж 749 мянгаас 850 мянгатад байсан багшийн цалингийн ангилал, зэрэглэлийг ТҮБД-3-5 буюу 850717 төгрөг болгож нэг шатлалтай болгосон. Өөрөөр хэлбэл ижил ажил мэргэжил ижил цалинтай байх олон улсын хүний эрхийн суурь зарчимд нийцүүлсээн гэсэн үг. Ингээд орхичихвол орхичих л байсан байх өнөөдрийг хүртэл. Тэгсэн бол өнгөрсөн жил хагасын хугацаанд ийм л цалинтай байж, түүнээсээ нэмэгдлүүдээ тооцоод ирэх байсан байх. Бодохоор л муухай байгаа биз дээ.

Одоо та бүхэнд саяхных юм шиг мөртлөө мартагдсан байх магадлалтай ганц нэг тоо сануулъя!!!

Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дээрх цалинг тэр чигээр нь орхихыг хүсээгүйгээр үл барам улс төрийн эр зориг, хатуухан хэлбэл “том толгой” гаргаж байж, олон жилийн туршид хэрүүлийн алим болсон Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг дээд жишгээр нь тооцон 20 хувиар нэмэгдүүлсэн 122 тоот тушаалыг гаргасан байдаг. Энэ тушаалаар ТҮБД-3 буюу ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин 1005130 төгрөг болсон. Мөн 25-аас дээш жил ажилласан багш нараа үнэлээд 5 хувь нэмэгдүүлж тооцсон. Багш нар яг энэ цалингаар сүүлийн 1 жил 6 сар цалингаа бодуулж, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсөө тооцуулж ирснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх 2 хэсэгт дурдсан цалингийн зөрүүг тооцож үзэхэд л 155000*18 сар= 2’790’000 төгрөг гарч байгаа биз дээ. Энд 2 зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй гэж бодож байна.

1 дүгээрт, бид сүүлийн 2 зуны ээлжийн амралтын цалингаа нэмэгдсэн цалингаасаа бодуулсан.

2 дугаарт, бид сүүлийн 1 жил 6 сарын турш бүх л нэмэгдлүүд, нэмэгдэл хөлсөө нэмэгдсэн цалингаасаа бодуулж ирсэн.

Энэ хоёрын зөрүүг дээр бодсон 2790000 дээрээ нэмэхээр бас нэг хөөрхөн тоо гарах байх.

Хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь бол Л.Энх-Амгалан сайд эрүүл мэнд, соёл, спортын зэрэг бусад сайдуудаас “том толгой” гаргаж, 122 дугаар тушаалаа гаргаж, багшийн цалинг 1005130 төгрөг болгоогүй бол бид дээрх хэмжээний цалингийн зөрүүг нэмэгдүүлж авахгүй байх байлаа л гэсэн санаа.

За тэгээд та бүхэн маань авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухааныхнаас 1 алхмын урд алхаад байсан хэрэг шүү дээ.

2023 оны 07 дугаар сарын 01-нээс ТҮБД-3 шатлалын багш нарын цалин 1’273’000 болж байгаа. Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоос даруй 49.6 хувь нэмэгдэж байна. Харин Энх-Амгалан сайдын “том толгой”-лсон гээд байгаа 122 дугаар тушаалаас 26.7 хувь нэмэгдсэн. Дасал болсон 1005130-аасаа бол бага харагдаад л байгаа юм л даа. Гэхдээ л бид энэ зөрүүг чинь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд аваад ирсэн юм шүү гэдгийг л ойлгож бодохыг та бүхнээсээ хүсье дээ.

Үүнийх нь төлөө Боловсрол, шинжлэх ухааны сайдад талархаж чаддаггүй юм аа гэхэд харааж зүхэж, уурлаж гомдож чаддаггүй юм аа БИ. Харин та бүхэн маань яахыг би яаж мэдэх билээ. Бодит юмыг бодитоор нь л бичихийг хичээлээ.

ТОО БОДВОЛ БИД ХОЖСООН…

‼️‼️Хамгийн сүүлд хэлэхэд Багшийн цалин 1273000 болсон нь Багш мэргэжлийн нийгмийн үнэ цэнээр тооцох юм бол дэндүү чамлагдахаар тоо. Багшийн цалин хамгийн багадаа 1000 доллар байх ёстой. Боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалин ч түүнээс нэг их дутуугүй байх зайлшгүй шаардлагатай.  Түүний төлөө хамтдаа зүтгэцгээхийг уриалах байна даа.

Д.Мөнхбаатар

2023-07-04

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН