УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Улс төрийн намын санхүүжилт болон Боловсролын тухай хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт болох санхүүжилтийн асуудлыг ярилцлаа. Улс төрийн намууд УИХ-д авсан суудлын тоо болон нийт сонгогчдын нэг хувийн санал авсан тохиолдолд санхүүжилт олгоно. Мөн Төрийн аудитын байгууллага улс төрийн намуудад жил бүр аудит хийж, Сонгуулийн ерөнхий хороо хянаж байхаар болж, Улс төрийн намын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлах ёстой гэж үзсэн. Мөн Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байх ёстой гэж үзсэн” гэжээ. Түүнчлэн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Англи хэлтэй холбоотой ҮАБЗ дээр зөвлөмж гарсан. Тэр зөвлөмжид хуульд заавал нэг хэлийг онцгойлон дурдаж хэрэггүй, сургалтын хөтөлбөрөөр нь явах нь зүйтэй гэсэн утгатай зөвлөмж гарсан. Үндэсний хэлний дархлаа гэж бүх улсын боловсролын суурь хуульд байдаг жишиг, стандарт байдаг. Олон улсын жишиг, стандарт нь үндэсний хэлээ голлож, өөр улсын хоёр дахь хэл байна гэж хуульчилдаггүй. Боловсролын ерөнхий хуульд бус сургалтын хөтөлбөрт нь 3 дугаар ангиас англи хэл орно, бусад хэлийг сонголтоор үзнэ гэдэг зохицуулалтыг нь мөрдөөд явах нь зүйтэй гэж үзсэн. Бүлгийн зүгээс боловсролын салбарын хүний нөөц, англи хэлний багш бэлтгэх асуудал дээр илүү их бодлого, шийдвэрээ Боловсролын хуульдаа оруулаад явах чиглэл өгч байгаа. Хуульд тусгахгүйгээр одоо байгаа хөтөлбөрт тусгагдсан зарчмаараа л явах нь зөв” гэсэн байна.
Д.Тогтохсүрэн: ҮАБЗ-өөс заавал нэг хэлийг онцгойлон дурдаж хэрэггүй гэдэг зөвлөмж гарсан
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН