МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид сүүлийн үед үйсээд буй хууль бус асуудлын талаар өнөөдөр /2023.06.09/ мэдээлэл хийлээ. Ажилчдын төлөөллийн зүгээс “Биднийг мэдээлэл хийнэ гэсэн чинь хашаанаас хөөгөөд гаргачихлаа. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөл ирүүлсэн дөрвөн удаагийн бичгийг үндэслэн дүгнэлт гаргаж, тэр дүгнэлтээ хэлэлцүүлэх хурал болсон. Энэ хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас халсан процесс нь хууль бус шийдвэр байна гэдгийг нягталж өгөөч гэсэн 156 уран бүтээлчийн гарын үсэгтэй бичигт ажлын хэсэг гарч ажиллаад, дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт тавдугаар сарын 26-нд Үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоол гарч, А.Бүрэнбаатарыг ажлаа хангалтгүй хийж байна гэж огцруулсан. Энэ тогтоолыг эсэргүүцэж, тавдугаар сарын 26-нд нэг, маргааш нь нэг, тавдугаар сарын 28-нд нэг, бас 29-нд нэг гээд дөрвөн удаа Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүн н.Оюун-Эрдэнэд хаягласан бичиг ирсэн байсан.
Энэ бичгийг нийт хамт олноос, ахмадын зөвлөлөөс, Үндэсний зөвлөлийг огцруулъя гэсэн бичигт гарын үсэг зурсан хуудас нь олдохгүй байна гээд өгөөгүй. Надад гурван удаагийн албан бичгийнхээ гарын үсэг зурсан хувилбарыг өгсөн. Тэгээд энэ бичгийг хянасан ажлын хэсэг захирал А.Бүрэнбаатарыг огцруулсан үйл ажиллагаа 156 хүний гарын үсгийг няглаагүй, хууль бус байна гэдэг дүгнэлт гарсан. Дүгнэлт бол тушаал, шийдвэр биш. Ингээд Үндсэний зөвлөл тэр дүгнэлтийг авч хэлэлцээд, шөнийн 03.00 цагт А.Бүрэнбаатарыг ажилд нь эргүүлэн томилсон.
Тавдугаар сарын 25-нд гаргасан 11 тоот тогтоолыг Үндэсний зөвлөлийн 13 гишүүн хуралд орж, 10 гишүүний саналаар А.Бүрэнбаатарыг томилсон. Гэтэл өчигдрийн хурлаар 12 гишүүний долоон гишүүн нь дэмжиж, тав нь огцруулна гэсэн саналтайгаар А.Бүрэнбаатар үлдсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр тогтоол дээр энэ хүнийг огцруулна гэж гарын үсэг зурсан хэд хэдэн гишүүн сүүлийн хурал дээр огцруулахгүй гэж дэмжсэн. Бид энэ асуудлыг мэдээд, удаа дараа хүсэлтээ дахин оруулсан боловч Үндэсний зөвлөлийн шийдвэр яг хэвээрээ гарсаар байсан. Тэгэхээр гаднаасаа захиалгатай, хэн нэгний томилгоотой ирсэн гишүүдийн эргэж буцсан шийдвэрээс болж, уран бүтээлчдийн шударга шаардлага, нэг жилийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгээс ирсэн дүгнэлтийн биелэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр А.Бүрэнбаатарын ажлын тайланг үзэж, огцруулсан шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд А.Бүрэнбаатар захирал өнөөдрөөс ажилдаа орж байна. Тэрбээр тавдугаар сарын 3-нд бүх нийтийн хурал дээр “Би цалин огт нэмж чадахгүй. Хэрвээ нэмэх бол 50 хувийг цомхотгохоос өөр аргагүй” гэж хэлж байсан. Гэтэл үүрэг гүйцэтгэгч Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаад 14 хоногийн турш тамгаа өгөлгүй явсаар байгаад өчигдрийг хүргэсэн. Тэгээд Үндэсний зөвлөлийн гишүүдийн хууль бус тогтоолыг сонсмогцоо өнөөдөр уран бүтээлчдийн цалинг 250-450 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Цалин нэмж байгаа нь сайн. Гэтэл манай сурвалжлагч 714 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ том байгууллагад тогтвортой, чадварлаг боловсон хүчин ажиллах шаардлагатай. Ийм цалингаар хэн ажиллах вэ. Манайх боловсон хүчний хомсдолд орсон. Цалингаа нэмүүлэх шаардлагадаа техник, технологийн дутагдал, боловсон хүчний бодлого алдагдсан байна, засаглалын хямрал нүүрлэсэн байна гээд тавдугаар сарын 25-нд тогтоол гарсан. Уг тогтоол дотор А.Бүрэнбаатар ажлаа хийж чадахгүй байна гэж бичсэн 156 хүний гарын үсэг найман асуудлын нэг нь л байсан.
Гэтэл А.Бүрэнбаатар “Намайг 156 хүний гарын үсгээр ажлаас халлаа” гэж мэдээлэл тараасан. Үүний дараа тамгаа өгөхгүй 14 хоночихоод, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг өөрийн эрх ашгийн төлөө үйлчлүүлж, өөрийгөө томилуулах шийдвэр гаргамагцаа шөнө тушаал бичсэн. Яг одоо “Цагаан лавай” студид бүх уран бүтээлчийн хурал болж байна. Энэ хурлыг 09.00 цагт болно гэж ажилчдын групп мэдээллэхэд 20 минутын өмнө ажилчдын группт лайв хийж орж ирээд “Та нарынхаа цалинг 250-450 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо” гэсэн. Энэ телевизийн 600 уран бүтээлчийн цалинг энэ хэмжээний мөнгөөр нэмэх боломж байсан бол өнөөдрийг хүртэл уран бүтээлчдийг тартагт нь тултал байлгаж, нэмэхгүй байсан юм бэ. Сар, жилд хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх вэ. Ийм хэмжээний мөнгө А.Бүрэнбаатар байсан гэсэн үг үү эсвэл хаа нэгэн газраа олсон уу, энэ уур амьсгалыг эерүүлэх гэж арга хэмжээ авч байна гэж харж байна. Үр дагаврын хувьд хоёр өнцгөөс харж байна. Энэ шийдвэрийг яагаад Үндэсний зөвлөлийн хурлын дараа шөнийн цагаар гаргав. Тушаалаа төлөвлөөд сууж байсан гэж хардаж байна. Бид Үндэсний зөвлөл рүү А.Бүрэнбаатар захирал хамт олонтойгоо ажиллаж чадахгүй байна гэдэг бичгийг дахин өгч байна. Ажлын хоёр хоногийн дотор шийдвэрлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна. А.Бүрэнбаатарын дээр байгаа эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж байгаад харилцааны соёлгүй, дарамталдаг захирлыг ажиллуулж байна. Энэ хүнийг Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа огцруулчихаад, дахин томилж байгаа үндэслэл нь юу гэж асуухад хариулж чадаагүй. Үндэсний зөвлөлийн даргаар шинээр томилогдсон Н.Монсор гэдэг залуу “Тэнцвэртэй байдлыг хадгалах гэж” хариулсан. Юуг тэнцвэртэй байлгах гээд байгаа юм бэ. Бид ажил хаялт зарлаж, ЦЕГ болон АТГ-т шалгуулна” гэв.