“Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаа” сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр Чингис хаан музейн хүндэтгэлийн танхимд боллоо. “Монгол Шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Маркийн хөрөгт 70 орчим настай байх үеийнх нь хөргийг оруулсан. Энэхүү шуудангийн марк нь нэг нэрийнх, 20 мянган ширхэг хэвлэгдсэн байна. Анхны өдрийн дугтуйг 1000 хувь хэвлэсэн” гэв.
Энэхүү марк нь зохиолчоор сэдэвчилж гаргасан дөрөв дэх удаагийн марк юм. “Монгол шуудан” ХК марк эрхлэн гаргаад 99 жил болж байна. Энэ хугацаанд 1100 гаруй сэдвийн марк гаргасан байна. Үүнд зохиолчдоос, их зохиолч Д.Нацагдоржийн 60, 70, 80 насны ойгоор гаргасан марк, мөн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нараар сэдэвчилсэн марк гаргаснаас гадна Монголын зохиолчдын эвлэлд зориулсан гурван сэдвийн марк хэвлэж байжээ.
Шагдарын Дулмаа нь 1934 онд Төв аймгийн Баян сумд төрсөн. 2014 онд “Ардын уран зохиолч цол” хүртжээ. “Лекторын уран чадвар” /1962/, “Социализмын үеийн гэр бүл” /1961/, “Үүрийн цолмон” /1966/, “Өглөө” /1969/, “Халхын сайхан эрчүүд” /1971/, “Мөнгөн хонх” /1976/, “Мөнгөн чавхдас” /1977/, “Нарны алтан тоос” /1981, “Хайрлахын заяатай орчлон” /1984/, “Галын тэнгэр” /1988/, “Хайрын мянган бодол” /1991/, “Цэнхэр гараг” /1991/, “Хайрын эгшиглэн” /1990/, “Хунгийн нулимс” /1990/, “Алтан урсгал” роман, “Дурсан хайлах уянга /2005/ зэрэг ном хэвлүүлжээ. Мөн “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хүлээлт”, “Алтан зул”, “Хар нүдэн бүсгүй” гэх мэт ард түмний дуулах дуртай дууны шүлгүүд, “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, “Эх орон танаа өргөх дуулал” “Газар шороондоо би хайртай” гэхчлэн шүлэг найраглалууд нь олон түмний хайртай бүтээлүүд билээ.