УИХ-аас энэ онд төрийн албан хаагчдийн нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийх зорилт тавьсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Ингэхдээ Япон, БНСУ зэрэг төрийн албаны соёл өндөр хөгжсөн улсуудын сайн туршлага дээр үндэслэн бүтээмжид суурилсан цалин хөлсний систем, хөдөлмөрийн адил үнэлэмжийн зарчимд шилжих шаардлага хэлэв.
Тэрбээр энэ тухай “Өнгөрсөн хугацаанд төрийн албаны цалин хөлсний тогтолцоо алдагдаж, ялгавар үүссэн нь шударга бус байдал үүсгэж байна. Иймд нэн яаралтай төсвийн тодотгол хийж төрийн албаны цалинг нэмж, үүсээд буй цалингийн шударга бус ялгааг цаашид арилгах боломж бүрдэнэ” гэв.
Ташрамд, УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах зэргээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг идэвхтэй авч хэрэгжүүлсний үр дүнд оны эхний улирлын гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Энэ онд төсвийн нөхцөл байдал сайн байх төлөвтэй тул төрийн албаны цалингийн ялгааг бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн аж.