Баасан, 9 сар 29, 2023

“Шүүр” ажиллагааны улмаас хүмүүс хохирч байгаа учраас ТАЗ-д шаардлага хүргүүлжээ

Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа аж. Тиймээс Л.Энх-Амгалан сайд Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэлээс тодруулахад “Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хууль зөрчиж томилогдсон хүмүүсийг ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн тусгай шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар олон хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, бас олон хүмүүс төрийн албаны сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй нөхцөл бий болсон байна. Тодруулж хэлбэл, Төрийн албаны зөвлөл нь зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож магистр, докторт эзэмшсэн мэргэжлийг мэргэжил биш гэж үзэж байгаагаас шалтгаалаад “Шүүр “ ажиллагааны хүрээнд гажуудал бий болж, олон иргэд хохирч байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны сайд Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүллээ” гэв.

Ташрамд, бакалаврын диплом дээр “мэргэжлээр төгссөн” гэж бичигдсэн, харин магистр, докторын диплом дээр тийм үг байдаггүй, зөвхөн “зэрэг олгов” гэсэн үг бичигдсэнийг үндэслэл болгодог талаар Төрийн албаны зөвлөлөөс тайлбарлажээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Боловсролын баримт бичгийн загвар шинэчлэл батлах тухай” 01 дүгээр тушаалын хавсралтаар дээд боловсролын дипломын загварыг баталсан бөгөөд энэ загварт бакалаврын боловсролын хувьд “мэргэжил, … бакалаврын зэрэг олгов” гэж бичигдсэн, харин магистр, докторын түвшинд “мэргэжил” гэдэг үгийг дипломын нүүр хэсэгт тэмдэглээгүй орхисон байдаг аж. Угтаа бакалавр, магистр, докторын аль аль нь дээд боловсролын зэрэг бөгөөд Дээд боловсролын хуулийн 3.З, 8.7-д зааснаар багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай бөгөөд дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй, өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байхаар хуульчилсан байдаг аж. Харин Төрийн албаны зөвлөл бакалавраас бусад дээд боловсролын зэргийг “мэргэжил” биш гэж үзэж буй аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН