Баасан, 9 сар 29, 2023

Ё.Баатарбилэг: Төрд 20 гаруй жил ажиллачихаад ийм зүйл яриад зогсож буйдаа ичиж байна

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан БШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэгчээр татагдан мэдүүлэг өглөө.

Тэрбээр “2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байхад мэдэгдэх хуудас өгөөд байсан.  Үндэслэлгүй хөрөнгөжсөн, НВЦ компанид давуу эрх олгосон гэх хоёр зүйлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг намайг ХОМ-т 388 сая төгрөгөөр нэмэгдсэн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байна гэжээ. Гадаад дотоод хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулахад төрийн болон бусад байгууллагуудаас дарамт ирдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Би өөрөө бизнесээ холдоод удаж байна. АТГ анх байгуулагдсан 2007 оноос хойш би ХОМ-ээ бөглөөд, мэдүүлсээр ирсэн. Тухайн үед хуулийн дагуу автомашин оруулж ирэх ажлыг найзуудын хамт эрхэлдэг байсан. Хоёр орон сууц, нэг автомашинтай гэж анх мэдүүлж байсан минь 15 жилийн дараа ч одоо хэвээрээ юм. 2013 оны 4 дүгээр сарын 29-нд АНУ руу сургуульд сурах гэж байхад АТГ-аас дуудаж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан баривчилж, гэрт нэгжлэг хийж байв. Тэгээд 6 сард нь буюу ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа суллаж байсан. Хууль хяналтын байгууллагаар дамжуулж улс төрчийг ялладаг байдал тэр үед эхэлсэн юм биш үү. Дараа нь нүүрсний хэрэг гарахад ч холбогдсон хүмүүс хэлж байсан.

Ах дүү хоорондын зээл өр төлбөрийг хүртэл надтай хамаатуулаад оруулж ирсэн байсан. Гадаадад ажиллаж амьдарч байсан хоёр дүүдээ байраа зараад, болилоо гэхээр нь найздаа түр ашиглуулж байсныг хүртэл над даар хамаатуулж бичсэн байсан. Нотолгоо шинжлэх ажилд илүү дэлгэрэнгүй, ил тод болох байх. Үнэндээ бол ийм зүйл яриад зогсож байгаадаа ичиж байна. Өчнөөн олон төр засгийн ажил 20 гаруй жил хийчхээд одоо ийм зүйл ярьж буйдаа ичиж байна. Миний хүргэнийг хүртэл дарамталж, барьж хорьсон. Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй л байлаа.

Хөгжлийн банктай холбоотой асуудалд, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг бид хоёр 90-ээд оноос нөхөрлөж байгаа олон жилийн найзууд. Мундаг, өөдрөг бизнесмэн гэж хардаг. Гэхдээ бидэнд өөрсдийн зарчим гэж бий. Хувь, хувьсгалын ажлаа ялгадаг. Гэтэл найздаа давуу тал олгосон, мөнгө төгрөг дамжуулсан гэж яриад байгаа юм. Би хувийн мэдээллээ огт ярьдаггүй. 2016-2017 онд хүү минь өвдсөн, хагалгаанд орсон. Одоо эрүүл саруул зүгээр. Тухайн үед хүүгийнхээ хагалгаанд нэмэрлээрэй гээд доллар, төгрөгийн 20 гаруй сая төгрөг хандивласныг ч хавтас хэрэгт хавсаргасан. Яллах тогтоолд дурдаагүй байна лээ.

н.Батбаяр даргатай холбож байна лээ. Би тэр хүнтэй мэндтэй л явдаг, аяга кофе хувааж ууж үзсэнгүй. Би зөвхөн спорт, боловсролын салбарт л дуугардаг. Мэддэг зүйл дээрээ ярьдаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан “гахай явган нохой нүцгэн” гэдэг шиг л явж байна. Яг хэний хохирлыг барагдуулах гээд байгаа нь тодорхойгүй.

Эцэст нь өөрийнхөө тухай ярихад Архангайд аав минь манаач, ээж минь үйлчлэгч хийдэг, ам бүл есүүлээ өссөн. Ердийн нэгэн гэр бүл, ах дүү, эхнэр төрийн албанд ажилладаггүй. УИХ-ын гишүүн дунд мөрөөрөө, урдах ажлаа хийгээд түмний нэг шиг явдаг хүн байдаг юм шүү. УИХ-ын чуулганы 176 удаагийн хуралдаанд нэг ч удаагийн таслалт, нэг ч минутын хоцролтгүй оролцсон, байнгын хороо бусад хуралд ч ирц бүрэн ажиллажээ. Үүнээс шүүгчид та бүхэн хувийн зан байдлын шинжийг минь бас тодорхойлох байх гээд хуваалцлаа” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН